Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Их Британийн Элчин сайд Филип Марлоутай уулзаж, цар тахлын үеийн эдийн засгийг хэрхэн даван туулах болон коронавирусийн вакцины чанар, эрсдлийн талаар санал солилцжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дээрх асуудлуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Их Британи Улс нь хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Ковакс ЭйЭмСи (Covax AMC) хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Ковакс ЭйСиТи (Covax ACT Accelerator) механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. 

Мөн вакцинууд дундаас хадгалалт, тээвэрлэлт даах хамгийн чадвартай АстраЗенека вакциныг гаргаж аваад байгаа улс юм" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.