Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.

Тус хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Н.Оюундарь, Л.Болд нар өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Уг хэрэгтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэлээд олон хүнийг ажлаалсан чөлөөлсөн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учраас бид тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Өнөөдрийн байдлын энэ цагдан хорих байранд 900-гаад хүн байгаа. Нэг албан хаагч 100 гаруй камер хянадаг. 24/48 гэсэн хуваариар ажилладаг гэж байна. Энэ бол маш нүсэр. Жижиг өрөөтэй, камерууд нь ч жижиг юм байна" гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд "Бид хуулийн байгууллагууд, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Эндээс харахад ажлын зохион байгуулалт, ачаалал их байна. Өнөөдрийн байдлаар 8 хүнд арга хэмжээ авсан байна. Тэдгээр хүмүүст энэ хэргийн хариуцлагыг үүрүүлээд хэрэг хаагдах уу үгүй юу гэдэг асуудалд би маш эргэлзэж байна. 

Одоо бид шалгах байгууллагуудын хүний эрхийн нөхцөл байдалд цоо шинээр арга хэмжээ авах цаг болсон байна. Энд хүн амиа алдаж буй нь мөсөн уулын орой цухуйж буй хэрэг. 

2-3 жилийн өмнө энд хоригдож, байцаагдаж байсан хүний тоо 400-500 байсан бол одоо 1000 гаруй болсон байна. Энэ нь хүний эрх ямар ихээр зөрчиж буйг харуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.