УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч 16.00 цаг хүртэл завсарлаад байна.

УИХ-ын 40 гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаасаа өөрөө огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улсад хуулийн засаглал байна уу, үгүй юу гэдгийг нөхцөл байдал харуулж байна. Яг өнөөдрийн жишээгээр бол эрх мэдэлтнүүдийн засаглалтай болсныг харуулж байна. Би Ерөнхийлөгчийг УИХ-аас батласан төсөвт хориг тавьсан гэж ойлгосон. Гэвч өнөөдрийн хориг хэлэлцэх хуралдаан дээр Ерөнхийлөгч юм уу Тамгын газрын дарга нь ирж хоригийн танилцуулга хийхгүй байгаа нь УИХ-д хориг тавьсан гэдгийг нь харууллаа. 

Ард түмний элч байж, улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн дээдлэнэ гэж Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд бүгд төрдөө тангараг өргөсөн. Өнөөдөр Монгол Улсын төсвөөс илүү эрхэмлэн дээдлэх зүйл байгаа юу. Эдийн засаг чинь хоригтой болчихлоо Ерөнхийлөгчөө. Нүүрс, экспортын бүтээгдэхүүнүүд чинь гарахаа больчихлоо. Хориг тавьснаар Монгол Улс ямар ч төсөвгүй болно. Нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр тавихгүй болно. Жинхэнэ утгаараа эмх замбараагүй байдал үүснэ. 

Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын бүрэн эрхэд халдсан увайгүй үйлдэл хийж байна. Энэ нь өөрөө үндсэн хууль зөрчиж буй хэрэг. Засгийн газрыг нь огцруулах үндэслэл. Зүгээр нэг намын дарга хүн ингэж төрийн дээр гарч сууж болдог юмуу. Ингэж улс орныхоо хувь заяагаар төрийг бойкотлож болдог юм уу. Гадуур аймшигтай юм болж байна. 

Сая яагаад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг чөлөөлөв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд ирээд танк, зэвсэг өгсөн байна. Яах гэж байгаа юм бэ тэр зэвсэгээр. 

Монгол Улсын Ерөнхий сайд нь эрх баригч намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл, бослогод уриалаад сууж байна. Энэ нь 3 сая иргэний төлөө юу, зөвхөн өөрийнхөө сандал ширээний эрх ашгийн төлөө юу. Монгол Улсад олон сонгууль болсон. АН ч тэр, манай нам ч тэр ялагдаад л явж байсан. Гэхдээ ингэж бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын даргыг би түүхэнд хараагүй. Засгийн газрууд ч огцорч л байсан. Бослогод уриалсан намын дарга, Ерөнхий сайд Монголын түүхэнд байхгүй. 

Өнөөдөр ийм хуурамч шударга ёс ярьдаг багтай Ерөнхий сайд Монгол Улсад хэрэггүй. Энэ хүн намын дарга, Ерөнхий сайд байх чадамжгүй, ёс суртахууны эрхгүй хүн гэдгээ харуулж байна" хэмээн ярилаа.