Коронавирусийн халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт манай улсад 218 хүнээс коронавирус илэрсний 176 нь Улаанбаатарт, 42 нь орон нутагт бүртгэгдсэн байна. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын дарга Л.Энхсайхан "Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн пасспорт олгох талаар судалж байна. Одоогийн байдлаар вакцинуудын талаарх мэдээллийг E-Mongolia цахим системд англи, монгол хэлээр нийтэлсэн байгаа. Мэдээллийг илүү сайжруулж, иргэдэд тодорхой болгох чиглэлээр ажиллаж байна. 

Эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөсөн бол жирэмсэлсний эхний гурван сард вакцины нөлөө ямар байх талаар одоогоор судалгаа байхгүй учир болгоомжтой хандахыг бид зөвлөж байна. Жирэмсэлсний эхний гурван сард аль болох ямар нэгэн вакцин хийлгэхгүй байх хэрэгтэй. Учир нь энэ чиглэлийн судалгаа байхгүй. Эсвэл тухайн хүн уг вакциныг хийлгэснээс хойш эхний гурван сард жирэмслэхээ хойшлуулах нь зөв сонголт байдаг. 

Сүүлийн үед эрдэмтэд жирэмсэн эх, хүүхдэд зориулсан судалгаа хийж байгаа ч эцсийн үр дүн нь гараагүй байна. Энэ дүгнэлт батлагдаж, хэвлэгдсэний дараа Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээллийг чиглэл болгож өгнө" хэмээлээ.

Мөн мэдээллиийн үеэр "Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн гээд санаа амарч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй байж болохгүй. Эхний тунгаа хийлгэсний дараа коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Тэр хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй" гэдгийг албаныхан онцоллоо.