УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Тариаланчдад олгох 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл одоог хүртэл олголт муутай байна. Ажлын хэсэг гаргаж, үүнийг шалгамаар байна. Хямд эх үүсвэрийг эргэлдүүлээд мөнгө хүүлээд байгаа юм биш биз. 

Хөгжлийн банк янз бүрийн тусгай сангуудаасаа тодорхой бодлогоор эх үүсвэр гаргаж, өдрийнхөө орлогоор амьдардаг болон жижиг үйлдвэр эрхэлж буй хүмүүсийг дэмжих нэг удаагийн хөрөнгийг эх үүсвэр бүрдүүлж, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг хийх ёстой" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Тантай санал нэг байна. Засгийн газрын тусгай сангуудыг жинхэнэ утгаар нь ашиглах цаг үе ирчихээд байна. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан. Энэ бол төсвийн мөнгө биш иргэд өөрсдөө төлж буй иргэдийн мөнгө. Өнөөдөр иргэд эрүүл мэндийн эрсдэлт нөхцөлд орсон байна. Энэ нөхцөлд Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн тодорхой мөнгийг эрүүл мэндээрээ эрсдэлд орж буй иргэддээ зарцуулах чиглэлүүдийг энэ тогтоолд тусгасан.

Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийн сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн гээд 240 тэрбум төгрөг байна. Энэ мөнгө ААН, хөдөлмөр эрхлэгчдийн төлж буй мөнгө учраас буцаагаад иргэдэд зарцуулах хэрэгтэй" хэмээлээ.