УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дахин жагсана гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Бид тавыг хүмүүс алиа салбадай, попчин гэх мэтээр янз бүрээр хэлдэг юм байна. Юу ч байлаа гэсэн бид тодорхой хэмжээнд болж бүтэхгүй байгаа зүйлийг үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал зарим шүүгч та нарыг дуугарч эхэлснээс хойш шүүхээс гарах шийдвэр үнэний талд гарах болсон. Цаашид ч бид нийгмийг сэрээж байх болно. Бид 1990 онд хоёр хариуцлагатай хуулийг гаргасан. Харамсалтай нь ардчилал хөгжсөн 29 жилийн хугацаанд хууль гажууджээ. Эрүүдэн шүүсэн, хууль бусаар шийтгэсэн, өөрийнхөө бизнесийг хамгаалдаг тогтолцоо болсон. Жишээ нь Хурц гэдэг хүний хууль бус ажиллагаанаас болж хэчнээн иргэн хохирсон билээ, эхнээсээ шалгагдаад явж байна. Өөрийнх нь ААН-д татвар оногдуулсны төлөө татварын байцаагчийг 7,6 жилийн хорих ял оногдуулсан гэх мэт үйлдлүүд бий. Баянгол дүүргийн татварын хэлтэст ажиллаж байсан Энхбатын хэрэг, ТЕГ-ын сөрөг тагнуулын газрын Цогтбаатар, Жаргал нарын хэрэг байна. Тэд хэд хэдэн мөрдөн дамжиж, зүйл заалтаараа ялаа эдэлчихсэн. Тэднийг бид яаж цагаатгах вэ, энэ хүрээнд дээр дурдсан хүмүүсийн эрхийг эргэж харах ёстой. Бид шүүхийн байгууллагууд үнэ хаялцаж хэргийг шийддэг болсон талаарх мэдээллийг олон түмэнд хүргэсэн. Үнэн байсан уу гэдэгт ОУ-ын авлигын байгууллагаар нотлогдчихлоо. Энэ бүх тэмцэл эцсийн дүнд шүүх эрх мэдлийг тогтолцоог хараат бус болгохыг зорьж байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн сүртэй жагсаал хийгээгүй бол өнөөдрийг хүртэлх бүх тэмцэл ордны хананд цуурайтсан яриа болоод л өнгөрөх байсан. Чамлахаар чанга атга гэдэг, үр дүн гараад явж байна.

Зарим хүмүүс намайг “Сайд болчихоод дуугүй байгаач ээ” гэж хэлж байна. Албан тушаалд амаа үдүүлээд дуугүй суудаг арчаагүй нэгэн биш гэдгийг хэлмээр байна. Цаашид бид шударга бус зүйлийн төлөө тууштай тэмцсээр байх болно. Өнөөдөр яагаад энэ хэвлэлийн бага хурлыг хийсэн бэ гэхээр удахгүй Үндэсний баяр наадам болно. Энэ үеиийг далимдуулж булхайтай явдлууд хөшигний цаана болдог. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн дуулиант хэрэг шүүхийн шатанд явна. Б.Хурц тэргүүтэй хүмүүсийн хууль бус үйлдлийг хэрхэн шүүхийг дэлхий нийтээрээ харж байна. Өнөөдөр шүүхийн байгууллагын 70 хувь нь МАНАН-тай холбоотой нь батлагдаад байна. Өнөөдөр би МАНАН бол нийгмийг системийг гажуудуулагч гэдгийг маш гүнзгий ойлгож авсан. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. Тэднийг цэвэрлэхийн төлөө явна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Хэдхэн сарын өмнө Монгол орон даяар МАНАН дэглэмийн эсрэг жагссан. Б.Хурц генерал Эрдэнэтийн 49 хувийг өөрийн дотнын найз сахал Д.Эрдэнэбилэгт өгснөөрөө, олон ААН-ийг дээрэмдэж тоносоноороо бахархаж, хар тамхины наймаачдыг хамгаалж өмгөөдлөөрөө бахархдаг нэгэн гэдгийг ард иргэд бүгд мэднэ. Түүний явуулсан ажиллагаанаас болж Содномдаржаа, Чимгээ нарын монголын олон арван залуус хэлмэгдэж, шоронд ороод байна. Т.Аюурсайхан гишүүний санаачлагаар хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авах ажилд бид нэгдсэн. Одоо жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафийн гараас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, Монгол төрөө мафиас салгуулах тэмцэл рүү орсон. Мөн 60 тэрбумын схемийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын дарга удирдлагууд болон прокуроруудыг өнгөрсөн жил сольж чадсан. Эрүүдэн шүүсэн тухай хоёр жилийн өмнөөс ярьж эхлэхэд гишүүд худлаа ярьж байна гэж гүтгэдэг байсан. Гэтэл эрүү шүүлтийн бичлэг цацагдаж, ОУПХ-ноос нуудаг байсан олон бичиг баримтыг ил болгож байна. Алдагдсан олон баялаг ордууддаа ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай явж байгаа ч бидний тэмцэлд асар их саад бий. Д.Эрдэнэбилэгийг цагдан хорихын тулд олон шүүгч дарамтад орж байна. Айдас хүйдэстэй байгаагаа бидэнд хэлж байна. Зоригт, Цогт, Батсуурь нарын нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

Шүүгч нарыг томилох, огцруулах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн учраас нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон талаараа хэлж байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ.