Х.Уянга
12 сарын 19, 2025
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа Амгалан дулааны станц ТӨХК технологийн хэрэгцээндээ “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ. Энэхүү шийдэл нь төрийн өмчит дулааны станцууд дундаас ногоон технологи нэвтрүүлсэн анхны жишээ болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал боллоо.
Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн Банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг” 2020–2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, дулааны станцын технологийн хэрэгцээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах бүрэн боломжтойг баталгаажуулсан юм.
Амгалан дулааны станц болон “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэр хоорондоо 2.5 км зайтай бөгөөд усыг нийлүүлэх шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг тус компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан станцад хүлээлгэн өгчээ.
Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүйгээр бодит үр дүнтэй ногоон шийдлийг хэрэгжүүлсэн байна.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Амгалан дулааны станц нь Улаанбаатар хотын зүүн бүсийн дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд жил бүр есдүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд технологийн хэрэгцээний усныхаа 40 хувийг буюу нийт 120 мянган шоо метр усыг “М-Си-Эс Кока-Кола” ХХК-иас авах юм. Энэ нь жил бүр 600 мянган хүний нэг өдрийн ундны усны хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой.
Тус станц өмнө нь өөрийн технологийн хэрэгцээний хаягдал усаа дотооддоо дахин ашигладаг байсан бол ийнхүү гаднын эх үүсвэрээс цэвэрлэсэн хаягдал ус нэвтрүүлснээр технологийн хаягдал усгүй жишиг станц болж байна.
Төслийн нээлтийн үеэр албаны хүмүүс энэхүү хамтын ажиллагаа нь усны хэрэглээг бууруулах, хаягдалгүй тойрог эдийн засгийг бодитоор хэрэгжүүлэх, гүний усны нөөцийг хамгаалах, улмаар хотын усан хангамжийн тогтвортой байдлыг сайжруулах чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь үйлдвэрийн бохир усаа MNS 4943:2015, MNS 6734:2018 стандартын дагуу цэвэршүүлдэг бөгөөд уг ус нь загас амьдрах боломжтой түвшинд хүртэл цэвэрлэгддэг байна. Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах энэхүү жишиг төсөл нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, ирээдүй үеийн усны аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.