Нийслэлийн Статистикийн газраас гаргасан, энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хүргэж байна.

Махны үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5910 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.5 хувиар буюу 180 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 90 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5400 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7300 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.8 хувиар буюу 235 төгрөг, хонины цул махны үнэ 2.2 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурчээ. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 4300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байв. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр, лууван 20.9 хувиар буюу 435 төгрөгөөр, байцаа 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр буурчээ.