УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. 1950-аад оноос эхлэн Монгол Улс эрдмийн зэрэг хамгаалсан өөрийн судлаачидтай болж, 1961 оноос чухал хэрэгтэй салбаруудын лабораториуд байгуулагдсаны нэг нь Мал эмнэлгийн хүрээлэн юм.

Улс орны хөгжлийн түвшин шинжлэх ухааны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт, ДНБ-д эзлэх хувиар тодорхойлогддогийг эрдэмтэд хэлдэг. Бүх шатанд шинжлэх ухааны тооцоо судалгаанд суурилсан үндэслэлтэй бодлого шийдвэрүүдийг гаргадаг болох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар уриалж буй юм.



Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд шүлхий өвчний вакциныг гарган авчээ


Мал эмнэлгийн хүрээлэн нь улсын хэмжээнд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт, празиттах болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга технологи боловсруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2019 оны байдлаар Засгийн газрын суурь судалгаа, инновац, шинжлэх ухааны 22, олон улсын хамтарсан 10 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Манай улсын эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсад 4, Монгол Улсад 38 патент эзэмшиж, олон улсын импакт фактортой мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.


Монголын эрдэмтэд суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлт болон мэргэжлийн ур чадвараараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ч төрөөс шинжлэх ухааны салбарт үзүүлэх дэмжлэг муу, хөрөнгө оруулалт дутмагаас болж бүтээлүүдээ амьдралд хэрэгжүүлэх боломжгүй болдгийг тус хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг хэлж байлаа.


Төсвийн санхүүжилтийн 80 гаруй хувь нь ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны ашиглалтын урсгал зардалдаа таардаг. Нэмэлт санхүүжилтийг өөрсдөө төсөл бичих, тендерт оролцох зэргээр зохицуулж иржээ. Тус хүрээлэн 12 орны 30 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнтэй хамтран ажилладаг байна. Нийт 11 мэргэшсэн лабораторитой, 88 судлаачтай үйл ажиллагаа явуулдаг.


Мал эмнэлгийн шинжлэх ухааны ач холбогдол, улс орны эдийн засагт үзүүлэх мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөлөөг харгалзан 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалттай лабораторийн шинэ байртай болсон нь сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ.


Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид шүлхий өвчний вакциныг гарган авч, турших ажилдаа орсон байна. Мөн адууны нийлүүлгийн үеийн түргэн оношлуурыг бүтээжээ. Энэ мэт өөрсдийн эрдэмтдийн хийсэн оюуны томоохон, импортыг орлосон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор гарааны 5 компанийг байгуулсан байна. Гэхдээ эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг мэргэжилтнүүд УИХ-ын даргад уламжилсан юм.




Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс