Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хурлаар “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийгзөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улс 1995 онд анх чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, 2002 онд Улсын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан бол 2015 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосны зэрэгцээ Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог баталсан байна.

Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан. 

Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам. долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа аж.

Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч буй. Тиймээс уг ажилд 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явах аж.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тодорхой асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа бөгөөд хэлэлцээр байгуулагдсанаар хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаараа хэрэгжих эрх зүйн боломж бүрдэх юм. Бүсийн ерөнхий төлөвлөлтийг эцэслэн гаргана. Цаашдаа бүсийн үйл ажиллагаа худалдаа-үйлдвэрлэл-аялал жуулчлал гэсэн үе шаттайгаар хэрэгжих юм.

 Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтжээ.