Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээлийг арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баталлаа. Уг төсөл нь малын эрүүл мэнд, бүтээмжийг дээшлүүлэх, сонгосон газар нутаг дахь зорилтот үнэ цэнийн хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусална.

60 гаруй сая толгой мал, өргөн уудам бэлчээр нутаг бүхий Монгол Улсад хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбар нь эдийн засгийн төрөлжилтийг өргөжүүлэх, ажлын байрыг өргөн цар хүрээнд бий болгох гол нөөц боломж билээ. 

Гэсэн хэдий ч мал аж ахуйн салбарын бүтээмж доогуур, малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөнд өртөмтгий зэрэг асуудлаас гадна цаг агаарын онц аюултай үзэгдлүүд энэхүү боломжийг хязгаарлахад хүргэдэг. Монголын нийт малчдын 56 орчим хувь нь 200 буюу түүнээс доош тооны толгой малтай бөгөөд тэдгээр малчин бүтээгдэхүүний орц, гарц, бүтээмж доогуур байх мөчлөгийн занганд оршин байна. Мал амьтны өвчлөл, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл хангалтгүй байдалтай хавсраад махан болон сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг хязгаарлаж иржээ. Монгол Улс бүс нутаг дахь мах импортлогч хамгийн том зах зээлүүдэд ойр байгаа хэдий ч дээрх шалтгаануудын улмаас махны экспортлох боломжийнхоо дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. 

“Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх, өргөн хэмжээнд ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тус дэм үзүүлнэ,” хэмээн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлов.  

80 гаруй тэрбум төгрөгийн энэхүү шинэ төсөл нь улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хилийн заагт буюу хил дамнасан малын өвчлөлгүй бүс байгуулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газарт малын өвчлөлийг үр дүнтэй хянах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг хөхиүлэн дэмжих, мал эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулахад нь туслалцаа үзүүлнэ.   

Үүнээс гадна, тус төсөл нь бүтээгдэхүүн нийлүүлэгч болон боловсруулагч хоорондын түншлэлийг хөхиүлэн дэмжих замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, зах зээлийн шаардлагыг хангахуйц түвшинд хүрсэн мал аж ахуйн бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээ хийх, мөн мал үржлийн болон шим тэжээлийн үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулах замаар төслийн зорилгыг ханган биелүүлэхэд мөн хувь нэмэр оруулна. Түүнчлэн, төсөл нь гарч болзошгүй хямрал, онцгой байдлын үед яаралтай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлнэ хэмээн үзэж байна.