Маргааш буюу 3 дугаар сарын 1-нээс нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглоно.

Тодрууллбал, Засгийн газар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Үүнд 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уут орж буй юм.

Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг олон сарын өмнө гаргасан.

Тогтоолыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгөөр торгохоор заажээ.