Бидний өвөө эмээ, аав ээж нарын сонсох дуртай, хайрлаж сонсож өссөн Алтан үеийн дуучдыг онцолж байна. Тэд монголдоо төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулж, Дэлхийд "Монгол" гэх нэрийг тамгалж чадсан авьяастнууд. Хүчтэй хоолой, уран тансаг нугалаа, яруу сайхан аялгуу нь дахин хэзээ ч давтагдашгүй. Дэлхийд үнэлэгдэж явсан Монгол авьяастнуудаа бид хэзээ ч мартах учиргүй билээ. 


1. Намжилын Норовбанзад (1931-2002)  

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин юм. Тэрээр 7 настайгаасаа дуулж эхэлсэн бөгөөд Монгол уртын дууг дэлхийд таниулсан гавьяатан. Н.Норовбанзад гуай хамгийн анх "Сэрүүн сайхан хангай" дууг дуулж сурчээ. Уг дууг түүний дуулснаар ЮНЕСКО-д бүртгэсэн байна. 

Н.Норовбанзад уянгалаг цээл хоолойтой, монгол ардын уртын дууны давтагдашгүй уран бүтээлч төдийгүй ардын уртын дууг тайзны урлагт хүргэн хөгжүүлэн, мөнхжүүлж өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгожээ. Монгол түмэн түүнийг "Уяхан замба тивийн наран" дуугаар нь сайн мэднэ. 

Нэгэн гадаад хүн түүний энэхүү бүтээлийг сонсоод монгол хүнээс энэ юуны тухай дуу вэ гэж асууж гэнэ. Хариуд нь монгол хүмүүн энэ нарны тухай дуу гэсэнд гадаад хүмүүн "тийм ажээ, би дэлхийгээс тасраад тэнгэрт хүрлээ" гэж уулга алдсан гэдэг. Н.Норовбанзад гуай нэгэн ярилцлагадаа "Би Уяхан замба тивийн наран дуугаа дуулахдаа ер бусын гайхамшигт ертөнцөд хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа" хэмээжээ.
 


2. Гомбын Түмэндэмбэрэл (1939-1997) 

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул тэрээр БНМАУ-ын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин юм. Ардын болон зохиолын 400-аад дууг эзэмшсэнээс 200 орчим дууг тайзнаа дуулжээ. 

Г.Түмэндэмбэрэл дээрх олон дууг эгшиглүүлэн амьдруулахдаа ардын дууны шилэлт, сонголтыг зөв хийж дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, түүний намба төрх, уран нугалаа, өнгөний айзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, түүнд эрдэнийн сайхан шигтгээ суулган уран тансаг болгон өвөрмөц, давтагдашгүй хоолой зөөлөн аялгуугаар дуулдаг байсан. Ийнхүү үзэгч, сонсогчдыг уянгын ертөнцөд нэвтрүүлж чаддаг увидасыг эзэмшсэн урлагийн нэрт мастер байв. 

Тэрээр дэлхийн 10 гаруй оронд өөрийн орны соёл, урлагийг сурталчилсан төдийгүй Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал, Вьетнам улсын нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдөж байжээ. Г.Түмэндэмбэрэл олон залуучуудыг дуулах эрдэмд сургаж "Түмээ багш", "Ээж" гэж шавь нартаа хайрлагдан хүндлэгдсэн. 



3. Пэлжээгийн Адарсүрэн (1942-1998) 

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төржээ. Монголын ард түмний дунд Алдарт дуучин Адарсүрэн гэх нэрээр алдаршин үлдсэн.

Түүнийг Хятад-Монголын хил дээр шифрлэгч-радистаар ажиллаж байхад нь БНХАУ-ын төлөөлөгчид "П.Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч" гэж хүссэн аж. Ингээд тэрээр хятадын ардын дуу болох "Дорно зүгээс нар мандаж байна" дууг маш сайн дуулжээ. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж, цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан байна. 

Харин хожим соёлын яамны сайд Даваасамбуу, өдгөө Ардын жүжигчин Л.Цогзолмаа нар түүнийг урлагийн замд оруулж байсан түүхтэй. 

Тэрээр нэгэн ярилцлагадаа "Эхлээд би өөрийнхөө дууг сонсохоосоо ичдэг байлаа. Хэдэн жилийн хойно жаахан юм балгачихсан дууныхаа хальсыг магнитофонд тавьж үзээд өөртөө итгээгүй уйлчихсан" хэмээн ярьжээ. 



4. Намдагийн Төмөрхуяг (1959-2018)  

Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төржээ. 1977-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг Удирдах Газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдаж, 1982 он хүртэл Ардын Армид алба хаав. 

1983-1990 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ. 

Тэрээр олны сэтгэлд хүрсэн “Амьдрал хайр дээр тогтдог” дуугаа 1987 оны хавар Монголын радиод нууцаар, нэг ёсондоо хулгайгаар бичүүлсэн байна. 

Энэ талаараа тэрээр "Аймгийн чуулгын тайзан дээр гоцлол дуулж болохгүй тийм танхай, эсэргүү нөхрийн дууг Монголын радиод бичүүлнэ гэдэг хэцүү биз дээ" хэмээж байжээ.


5. Мандширийн Янжиндулам 

Одоо ч бидний дунд дуулагдсаар байгаа "Орь залуу нас", "Аавдаа" зэрэг сайхан дуунуудын эзэн 1970-аад оны домог Мандширийн Янжиндулам. Тэрээр хятадын тагнуул хэмээн гүтгэгдэж явсан түүхтэй. 

Дуучин М.Янжиндуламын тухай дээрхи гүтгэлгийг тухайн үед залруулж явсан хүн бол Ардын жүжигчин Д.Ухнаа аж. 

Энэ тухай Ардын жүжигчин Д.Ухнаа “Тэр үед нэг сонин зүйл болсон нь “Залуучууд” сонин дээр “Үүргэвч үүрсэн бүсгүй” нэртэй нийтлэл гарч, тэрхүү нийтлэлд М.Янжиндуламыг Өвөрмонголын тагнуул хэмээн бичжээ. Тэр үед үүргэвч үүрч явдаг хүн ховор байж. Тухайн цаг үеийн ойлголтоор гуйлгачин хүн л үүргэвч үүрэх ёстой байв. Харин М.Янжиндулам хаанаас авсан юм бүү мэд, нэг тийм бор үүргэвчтэй байжээ. Тиймээс тэрхүү үүргэвчнээсээ болж хардуулж, одоогийнхоор бол жинхэнэ “сенсацийн” эзэн болсон. Дээрээс надад үүрэг өгч, М.Янжиндуламын удам судрыг нь судлах лүндэн буулгав. Нэгэнт ийм лүндэн авсан хүн өөр яахав, Төмөр зам дахь гэрт нь очиж аав ээжтэй нь уулзаж, аав нь Ховд, ээж нь Архангайгаас гаралтай болохыг өөрийн чихээр сонсож ирээд гадны тагнуул биш, цуу яриа болохыг тайлбарлаж байлаа…” хэмээж байжээ.