Францын өмнөд хэсгийн Баённ мужид өнгөрсөн ням гарагийн орой автобусны жолооч руу олон хүн нийлэн халдсан хэрэг гарчээ. Тус халдлага улс даяар айдаст автуулж байна. 

Автобусны жолоочийн амь нас ноцтой аюулд орсон бөгөөд орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар тархины харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт байгаа аж. 

Болсон явдлыг тодруулбал, автобусны жолооч дөрвөн хүнийг автобусанд суулгахаас татгалзжээ. Францын хэвлэлийнхэн мэдээлснээр, тэд амны хаалт зүүх шаардлагыг үл харгалзан маскгүй, мөн хүчин төгөлдөр автобусны картгүй явж байсан гэнэ. Шинэ коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор Франц улс нь Германтай адил нийтийн тээврийн унаанд амны хаалт заавал зүүхийг шаардаж байгаа юм. 

Жолооч маскгүй зорчигчдыг авттобусанд суулгаагүй ба автобусанд сууж байхдаа маскаа авсан хүмүүсийг ч буухыг шаарджээ. Энэ үед 50 настай түүн рүү хэд хэдэн хүн нийлэн дайрсан аж. 

Тэд жолоочийн дагз руу хүчтэй цохисон гэж нэгэн эрэгтэй гэрчилсэн байна. Бүлэг этгээдүүд түүнийг зодож, тархинд гэмтэл учруулсан гэж  AFP болсон явдлыг тайлбарлажээ. 

Цагдаа нар хэргийн газарт юу болсныг илрүүлэхээр гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван хүнийг баривчлаад байгаа гэнэ.

Уг халдлагын улмааас олон олон автобусны жолооч болзошгүй аюулаас эмээн ажлаасаа гарч байгаа аж. 

Эх сурвалж: ZDF