"Эгэрэг" платформыг санаачлагч М.Хасчулуутай блокчейн технологи, түүний ирээдүй мөн биткойны талаар ярилцлаа. 

-Ярилцлагаа блокчейн та 2-ын "танилцсан" түүхээс эхлэе?

-2011 онд хүмүүс биткойн яриад олборлолт хийж байна гэхээр сонирхож судлаад эхэлсэн. Би хийсвэр сэтгэлгээ өндөртэй хүн. /инээв/ Хорвоо ертөнц ийм байсан бол гээд төсөөлж фантазлах дуртай. Тухайн үед гарсан технологиос уйдчихсан явж байгаад биткойны талаар сонссон, технологи нь сонирхол татсан. Дэврүүн хүслээр одоогийн бүх системийг өөрчлөх юм байна гэж харж байлаа. Одоо бол муу сайн аль аль талаас нь хардаг. 

-Блокчейн технологи койноос халиад цахим сэтгүүл зүйд хүртэл нэвтрээд эхэллээ?

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэргийг эрэн сурвалжлаач гэж мөнгө хүсэлт гаргаж мөнгө хандивлахдаа өөрийн нэрээ нууцлахын тулд блокчейн технологи ашигладаг. Хууль бус үйлдлийн эсрэг “шүгэл үлээгч”-ийн нэр, эх сурвалжийн аюулгүй байдлыг хангахын тулд шүү дээ. Нийгмийн том асуудлаар дуугарч байгаа хүний шагналыг яаж өгөх вэ гэхээр мэдээж криптовалютыг сонгохоос аргагүй. Яагаад гэвэл банкаар гүйлгээ хийвэл хэн нэгэн эрх мэдэлтэн харж хянах боломжтой. Хэрвээ сэтгүүл зүй блокчейн дээр суурилаад хөгжөөд эхэлвэл илүү хариуцлагатай болно гэсэн үг. Мэдээллийг засч залруулах, арилгах боломжгүй учраас. Яг л бичгийн машин дээр бичсэн бол компьютер шиг засах боломжгүй байдаг шиг.

-Тэгвэл өөр ямар салбарт блокчейн технологи нэвтэрч байна вэ. Бидэнд ямар ашиг тус өгөх юм бэ?

-Шүдний эмнэлэгийн мэдээллийг блокчейн технологид бүртгэлээ гэхээр хүмүүс гайхдаг. Гэтэл энэ бол амьдралд хамгийн ойрхон жишээ. Шүдний эмнэлэгээр үйлчлүүлдэггүй хүн гэж байхгүй. Гэтэл бага байхаас өдий болтол үзүүлж байснаа хүн тэр бүр нарийн санадаггүй. Эрүүл мэндийн дэвтэр байлаа ч хаяж үрэгдүүлчих талтай. Ингээд л өөр эмнэлэгт үзүүлэхэд тухайн  шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэж байсан уу гэхэд мэдэх хүн ховор. Энэ тохиолдолд эмч ухаж үзэж байж л мэднэ шүү дээ. Хэрэв эмнэлэгт үзүүлж байсан түүхүүд нэг мэдээллийн баазад бүртгэгдчих юм аль аль талдаа ашигтай шийдэл болно. Олон улсад эхнээсээ үүнийг нэвтрүүлээд эхэлчихлээ

-Бид сая донорын хуультай болсон шүү дээ. Үүний хойно үүсэх үр дагавраас ч сэргийлэх боломжтой гэж ойлголоо?

-Яг үнэн. Зөвхөн шүд гэлтгүй эрүүл мэндийн салбарт блокчейн технологийг нэвтрүүлвэл картаа үрэгдүүлсэн ч гэсэн бүх түүхүүд бичээстэй үлдэх учраас илүү найдвартай. Ямар нэгэн байдлаар буруу оношилгоо эмчилгээ хийх боломжгүй болно гэсэн үг. Өвчтөний түүх нь хэзээ ч арилж устахгүйгээр үлдэх учраас.

-Тэгвэл зах зээл дээр ирэх өгөөж нь юу байна?

-Бид 2-ын ууж байгаа кофег, үүнд орж байгаа сүүг нь ч бас хаанаас ирсэн бэ гэдгийг блокчейн технологийн ачаар хянаж чадна. Кодыг нь уншуулаад л энэ кофе оригнал эсэхийг шууд мэдчихнэ. Тухайн кофег үйлдвэрлэгч гарын үсгээрээ баталгаажуулсан бол оригнал гэсэн үг. Бас кофены үнэ хаана яаж нэмэгдсэн бэ гэдгийг харах боломжтойгоороо давуу талтай. Кофег хурааж аль нэг үйлдвэрт нийлүүлж боловсруулаад ачиж тээвэрлэж эцэст нь хэрэглэгчийн гарт хүрдэг. Гэтэл аль нэг импортлогч хэт их ашиг нэмсэн байж болно шүү дээ. Тэгэхээр тухайн хүн дундаас нь үнийг хэт хөөргөсөн гэж үзээд авахгүй байж болно. 

-Хэрэглэгчээс гадна үйлдвэрлэгчдэд ч ашигтай байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Цөөхөн тоогоор үйлдвэрлэдэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн дээр Хятадууд Вичейн гээд технологи нэвтрүүлчихлээ. Энэ технологийн ачаар алмаз, цүнхний брэндийг 10 ширхэг үйлдвэрлэсний нэг нь мөн эсэхийг мэдчихэж байна. Ялгахыг аргагүй яг ижилхэн цүнхийг ялгачихаж байгаа учраас хэрэглэгчидэд маш ашигтай. Үйлдвэрлэгчид ч бас блокчейн технологийн ачаар хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх аргатай болчихож байгаа юм.

-Сөрөг тал нь улс төрчид мөнгөө нуух, далдлах арга болох талтай гэж ярьдаг. Тийм боломж бий юу?

-Яг ийм зорилгоор гарч байгаа зооснууд хүртэл бий. Биткойн хэрэглэгчид төлбөр тооцооны ямар ч түүхгүйгээр нууц ноёнтон хэлбэрээр оролцож болно гэж үздэг. Харин биткойныг хүлээн зөвшөөрсөн улс байлаа гэхэд дэлгүүрээр нь үйлчлүүллээ гэхэд цагдаа дээр бүртгэл нь гараад ирнэ, камераар шүүгээд харчихна. Харин zisash, monero хэрэглэгчийг бүрэн далдлах зорилготойгоор хийгдсэн. Энэ бол интернэт нь хаанаас нэвтэрч, хаана үйлчлүүлж байгаа хэнд ч харагддаггүй. Блокчейн технологи дээр суурилж байгаа ч баталгаажуулж байгаа алгоритм нь өөр гэсэн үг. Хүмүүсээр мөрдөгдөж мөшгөгдөхгүй зорилготой. Энэ нь тухайн хүний нууцлалтай холбоотой боловч эсрэгээрээ хууль бус мөнгө угаах зорилгод ашиглагдах магадлалтай. 

-Биткойн гэснээс анх гарсан түүх нь сонирхол татдаг…?

-Биткойн анх хар тамхи наймаалах зорилготойгоор гарч ирсэн. Онлайнаар хар тамхи наймаалах гэхээр баригдчихдаг. Баригдахгүйн тулд банкны систем болон засгийн газрын систем яаж ажилладаг гэдгийг мэддэг хакерууд хэн нэгэн удирддаггүй технологи гаргасан нь энэ юм. Одоо бол хар зах зээл нь сэтгэл эмзэглүүлээд байхааргүй маш цөөхөн эзэлдэг. Угаасаа бид биткойн блокчейныг зогсоох боломжгүй шүү дээ. Хэрэглэгчид нь энэ системийг өөрсдөө хамгаалаад үлдчих боломжтой.Тийм учраас магадгүй хар зах зээл дээр хэрэглэгдэж байлаа ч гэсэн таслан зогсоох боломжгүй. Харин сайн талыг нь хараад хөгжүүлээд явчих хэрэгтэй гэж үздэг. Олон улсад ч үүнийг нэгэнт зогсоох боломжгүй учраас хүлээн зөвшөөрөөд бүртгэлжүүлээд явж байна.

-Технологийн хүний харж байгаагаар блокчейн технологи Монголд хэр хурдан нэвтрэх бол?

-Монголд маш хурдан нэвтэрнэ гэдэгт итгэдэг. Яг одоохондоо аргаа олоогүй байна.

-Хөгжих суурь нь бол байгаа шүү дээ. Наад зах нь манай улс дэлхийд үүрэн телефон хэрэглэгчдийн тоогоороо толгой цохиж байна. Тэгэхээр бидэнд давуу тал бий, тийм үү?

-Хүн ам ихтэй улс үүнийг авч хэрэгжүүлээд туршилт хийх боломж нь хомс шүү дээ. Гэтэл бид цөөн хүн амтай улс. Энэ бол хамгийн том давуу тал. Бас ухаалаг гар утасны хэрэглээгээрээ дэлхийд бараг тэргүүлж байна. 100 хувь ухаалаг утастай, орон даяар интернэттэй. Тэгэхээр асар их боломж бий. Одоогоор монголчууд хэрэглэж сураагүй, ойлголт хангалттай биш учраас уухайн тас хүлээн зөвшөөөрч нэвтрүүлээгүй л байна.Ойлгочихвол тэр дороо нутагшуулаад авчихна гэдэг итгэдэг.

-Хятадад гэхэд бараг бэлэн мөнгө ашиглахаа больчихлоо шүү дээ?

-Наймаа арилжаа эрхлэгчид бэлэн мөнгө харахаараа “Юун бэлэн мөнгө вэ” гээд дургүйхэн хүлээн авдаг гэлцдэг. Хятадад интернэт нь хангалттай биш ч вичат, QR кодоор төлбөр тооцоогоо бараг 100 хувь хийж байна.

-Нөгөө талаасаа манай улс энэ тал дээр чимээгүй, зугатах талын бодлого бариад байна уу даа. Гэтэл дэлхий нийтийн хандлагаас хаа хүртлээ зугатаах билээ?

-Тэр ч үнэн шүү. Энэ чинь муу эсвэл аюултай зүйл юм байна гээд болилоо ч гэсэн энэ бүхнийг зогсоож чадахгүй. 

Блокчейн болох нь тодорхой гэхээр биткойны үнэ өснө гээд хамаг мөнгөөрөө эрсдэл хийх гээд хөөсрүүлэх хүмүүс орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр би үүнийг найдвартай өснө, ав гэхээсээ илүү блокчейн технологийг судлаад үз, дараа нь ойлгоно гэж хэлдэг.  Яаж ажилладагийг нь мэдчих юм бол эрсдэл хүлээгээд байх шаардлагагүй. Мэдэхгүйгээр их хэмжээгээр  худалдаж аваад дарчих юм бол технологитоо ч эрсдэлтэй, хөгжлийг нь удаашруулна. Би технологийн хүн учраас блокчейнд 100 хувь итгэдэг.


-Хятадаас Монголд ирж биткойн олборлодог хүмүүс цөөнгүй байдаг юм билээ?

-Бид блокчейн технологийг хөгжүүлэх гэж байгаа бол Хятадтай хамтрахаас аргагүй. Яагаад гэвэл криптовалют дээр хамгийн нааштай байгаа орнуудын нэг. Хамгийн их судалсан, тэр талын мэдлэгтэй. Хориглоод байгаа учир шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Энэ нь ч зөв. Төр нь үүнийг мэдээд зөв зохицуулаад байгаа нь сайн хэрэг. 

-Биткойн олборлодог машинаар орон сууцаа халаах талаар ярьж эхэллээ. Хэр боломжтой шийдэл вэ?

-Энэ бол бүрэн боломжтой зүйл. Үүнийг олборлогч төхөөрөмжийг харсан хүн шууд итгэнэ. Биткойны машин нэгийг тавьчихсан байхад тэр өрөө халуун болчихдог. Хэцүү зүйл нь дуу чимээ. Байнга ажиллаж байх учраас орон сууцны шийдэл нь үүнд зохицсон байх ёстой болов уу. 

-Сая биткойн уналаа. Эрсдэл үүрсэн үү?

-Би койнуудыг худалдан авдаггүй. Харин технологийнх нь улаан фэн нь. Хэр ашиг олохыг мэддэг ч ярьдаггүй, технологийг нь ярих дуртай. Хүмүүс энэ талаар ярихаар технологийг нь биш хэр их мөнгө олох вэ гэдэг дээр төвлөрөөд байдаг юм. Өсөх нь тодорхой ч хамаг мөнгөө үрээд авчихаж болохгүй. Харин зүгээр сонирхоод үз. Магадгүй эрсдэлд орохооргүй мөнгөөрөө худалдан аваад мартчих. 5 жилийн дараа хэд болсон байхыг хараад үз, ламборжины мөнгө ч болчихсон байх ч юм билүү. /инээв/

-Магадгүй манай улс блокчейн технологийг төвлөрүүлсэн улс болох ирээдүй бий юу. Таны компанийн гаргаж байгаа “Эгэрэг” цахим мөнгөний боломжийн талаар ярилцах уу?

-Би үүнийг боломжтой гэж хардаг. Манай “Эгэрэг”-ийн зорилго энэ. Зорилго нь анхны Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн анхны криптовалют гаргах. Тэр нь бодит валютаар баталгаажсан тэр нь “Эгэрэг” байх юм. Шуудхан хэлэхэд бэлэн мөнгийг, төгрөгийг халаад тэр чигт нь орж ирнэ гэсэн бодолтой. Эхний ээлжинд бид төгрөгөөс илүү давуу талтай гэдгээ харуулах ёстой. Бэлэн мөнгө хэвлэнэ гэдэг Монгол банкинд тэр чигээрээ зардал. Хэрэв үүнийг нэвтрүүлчихвэл дэлхийд анхдагч болох байх. 

-Он гараад цахим мөнгөний хууль хэрэгжиж эхэлсэн. “Эгэрэг”-ийг бид хэзээ ашиглаж болох вэ. Бас хүмүүст эгрэгийг энгийнээр тайлбарлах ёстой байх?

-Бид өдөр тутамдаа social pay, candy, GG гээд цахим мөнгийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Гэхдээ асуудал нь тухайн байгууллагаар хязгаарлагдчихдаг. social pay гэхэд зөвхөн “Голомт” банкны хэрэглэчид хэрэглэх боломжтой гэхчилэн.  Эгэрэг бол энэ зааг  ялгааг гаргаж ирнэ гэсэн үг. Хот хотоо, гадаад дотоод гэлтгүйгээр аль ч банк хооронд гүйлгээ хийчихдэг шийдлийг санал болгож байгаа юм. Эгэрэг” гэдэг нэртэй энэхүү цахим мөнгө нь блокчэйн дээр суурилсан, төвлөрсөн удирдлагатай байх болно. Гэхдээ төвлөрсөн удирдлагыг бид Smart contract буюу ухаалаг гэрээгээр зохицуулахаас гадна нэг эгэрэг нь нэг төгрөгтэй тэнцүү үнэлгээтэй байх юм.

-Олон улсад бас гаргах  нь ээ?

-Цахим мөнгөний тухай хууль гараад эхэлчихсэн. Журам нь хараахан гарч амжаагүй байна.  “Эгэрэг”-ийг бид 2 түвшинд гаргах гэж байна. Эхнийх нь глобал нөгөөх нь local түвшинд. Глобалыг нь олон улсад, local-ыг нь Монгол улсад зориулан гаргаж байгаа.  4 дүгээр сарын эхээр олон улсад гаргах анхны хувилбараа танилцуулаад явна. Тэр нь ихэвчлэн өдөр тутмын амьдралд биш Монголчуудын бүрэн шийдэж чадахгүй байгаа онлайн тооцоог шийднэ гэсэн үг. Хамгийн энгийн үгээр бол Монголын анхны paypal болно. Жишээ нь олон улсын банк хооронд гүйлгээ хийхэд 3 хоног хүлээдэг 30 хувийн шимтгэлтэй байдаг. Үүнээс болоод гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэр бүлээ тэжээхээс илүү банкны системийг тэтгэчих гээд байдаг талтай. Энэ асуудлыг шийдэх хүмүүст чухал хэрэгцээтэй зүйлийг гаргаж ирэх гээд байгаа юм.Үнэндээ үүнийг сүртэй дуу шуутайгаар зарламааргүй байна. 

-Эгэрэг гэж юу гэсэн үгийн товчлол юм бол?

-Электон гэрэг л гэсэн үгийн товчлол. Дээр үед итгэмжлэх пайз байсан харин эгэрэг цахим мөнгө энэ хүн онлайн ертөнцөд төгрөгийг эзэмшиж байгаа хүн мөн гэдгийг баталж байгаа юм. 

-Шимтгэл нь маш бага байх нь ээ?

-Банк хооронд гүйлгээ хийхэд 20-30 мөнгөний шимтгэл авна.Бүр ямар ч шимтгэлгүй ч байх боломжтой.