Монгол банк долларын ханшийн өсөлтийг богино хугацааных гэв

“Найман шарга” валютын зах дээр өнөөдрийн 12.30 цагт нэг ам.долларыг 2478 төгрөгөөр авч 2482 төгрөгөөр зарж байна. Америк долларын ханш сүүлийн долоо хоногийн турш аажмаар өгссөн зурагтай байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт “Найман шарга” дээр ам.долларыг 2450 төгрөгөөр авч, 2455 төгрөгөөр зарж байсан бол нэг өдрийн дараа 2456 төгрөгөөр авч, 2458 төгрөгөөр заржээ. Лхагва, пүрэв гаригт ам.долларыг зарах ханш тус бүр хоёр төгрөгөөр өссөн бол баасан гаригт 2470 буюу найман төгрөгийн огцом өсөлт үзүүлсэн байна.

Эдийн засагчид ам.долларын ханшийн өсөлтийг ОУВС-гийн Монголын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан шийдвэртэй холбон тайлбарлаж буй. Монгол банкны хувьд америк долларын ханшийн өсөлтийг богино хугацааных гэж тайлбарлалаа. Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төлбөрийн тэнцэл хоёрдугаар улиралд ашигтай гарч эхэлсэн. Тодруулж хэлбэл 89.7 сая ам.доллараар ашигтай гарсан. Үүнээс гадна Төв банкны гадаад валютын позиц оны эхний найман сарын байдлаар 790 гаруй сая ам.доллараар сайжирлаа.Тэгэхээр эдийн засагт валютын урсгал хангалттай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь хүчин зүйл талаасаа төгрөг сулрах хүчтэй нөлөө алга. Экспортын үнэ харьцангуй өндөр байгаа нь онцлох учиртай өнцөг. Гаднаас орж ирж буй валютын урсгал сайн байна. Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, үнэ хоёр худалдааны тэнцэлд эерэгээр нөлөөлж буй хүчин зүйлүүд. Зах зээлд тодорхой бус байдал нэмэгдсэн, засагтай холбоотой хүлээлт өөрчлөгдсөн гэх мэт шалтгаан бий. Шинээр байгуулагдах Засгийн газар цаашид ямар бодлого хэрэгжүүлэхээс олон зүйл хамаарах нь мэдээж. Шинэ засаг валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд тохирсон ажлуудаа цаашид хэрэгжүүлэх үү гэдэг дээр харзнасан хүлээсэн уур амьсгал анзаарагдаж байна. Долларын ханш ийм шалтгаанаар өсч эхэлсэн гэж харж байгаа. Гэхдээ энэ өсөлт бол богино хугацааны үзэгдэл” хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.