Монгол банк: Инфляцын үндсэн шалтгаан руу чиглэсэн 14 арга хэмжээ бүхий Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл батлагдлаа

Улсын Их Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монголбанкны хараат бус байдал, засаглал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн 14 арга хэмжээг багтаажээ. Төслийг Засгийн газрын тэргүүн дэмжиж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн юм.


Инфляцын үндсэн шалтгаан руу чиглэсэн шийдэл

2026 оны 10 дугаар сард инфляц 13.4 хувьд хүрч, зорилтот түвшнээс 2 дахин давсан. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-д хэлсэн үгэндээ инфляц удаан хугацаанд өндөр байгаагийн гол шалтгаан нь бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт гэдгийг онцолсон. Илүүдэл мөнгө төсвийн шинжтэй хөтөлбөр, валютын зах зээл дэх Төв банкны хэт оролцоо, төсвийн алдагдлын хэтрэлт гэсэн гурван сувгаар эдийн засагт орж иржээ.

2012 оноос хойш Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөрт 15.8 их наяд төгрөг зарцуулагдсан. Үүний үр дүнд 2025 оны жилийн аудитлагдсан тайлангаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 4.2%-д хүрсэн.


Мөнгөний бодлогын 2027 оны үндсэн чиглэл эдгээр сувгууд болон алдагдлыг үе шаттай хаах анхны цогц баримт юм.

      

 Гол онцлогууд

  • Засгийн газрын үнэт цаас. 2027–2030 онд жил Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бус зах зээлийг дэмжих зорилгоор үнэт цаас гаргаж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлана. Үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлж, төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлнэ.
  • Төв банкны хөрөнгийн дутагдлыг нөхөх. 2028–2032 онд жил бүр 1 их наяд төгрөгөөс доошгүй үнэт цаасыг Монголбанканд эзэмшүүлнэ. Засгийн газар энэ шийдлийг дэмжиж буйгаа анх удаа баталгаажуулсан.
  • Төсвийн шинжтэй санхүүжилтийг хориглох. Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох эрх зүйн орчин бүрдүүлж, Монголбанк үнийн тогтвортой байдалд бүрэн төвлөрнө.
  • Ипотекийн хөтөлбөр Засгийн газарт. 2027 онд бэлтгэлийг хангаж, 2028 онд бүрэн шилжүүлнэ. Одоогийн зээлдэгчдийн гэрээ, зээлийн хүү өөрчлөхгүй.
  • Уян хатан ханш, ил тод валютын зах зээл. Төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзаж, Монголбанк зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжинэ.
  • Санхүүгийн зах зээл ба хэрэглэгчийн хамгаалал. Монголбанк, ҮЦТХТ, МХБ-ийн дэд бүтцийг холбож Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг идэвхжүүлнэ. Цахим залилангийн эсрэг мэдээлэл солилцох тогтолцоо бүрдүүлнэ.


undefined


Үндсэн чиглэл нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегитай уялдана. Стратеги нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, Төв банкны засаглал ба цахим шилжилт гэсэн гурван зорилт, 37 арга хэмжээг агуулж байна. Мөн Монголбанк Төв банкны тухай хуулийн засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулсан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсэнээр инфляц дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжиж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал үе шаттай нөхнө гэж Монголбанк үзэж байгаа бөгөөд тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнахаар тусгажээ.


Холбоотой сэдвүүд

монгобанк монголбанк2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.