Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан билээ.

Тэрбээр Монголд буухаас эхлээд өдөр тутмын томоохон арга хэмжээнүүдийн талаар твитер хуудаснаа тогтмол жиргэж байсан бөгөөд айлчлал тойрсон хэдэн зуун асуулт үлдээсэн байна.

Тухайлбал төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний зургийг, хөөмийчийн тоглолтын зураг бичлэгийг оруулсан ажээ.

Сониуч япончууд монгол гэр хэдэн уньтайг, хэр өндрийг асууж байцаасан ч хамгийн их үлдээсэн сэтгэгдэл нь эрхэм сайдын зангианы өнгө байв. Неон өнгийн уг зангиаг япончууд магтахдаа "Маш гоё сонголт хийжээ", "Загварлаг харагдаж байна" гэх мэтээр хэдэн зуун сэтгэгдэл үлдээжээ. 

Сонирхуулахад Азийн улс төрчдийн хэв маягийг Япон, Солонгосын улс төрчид бүрдүүлдэг гэх яриа бий. Японы хамгийн нэр хүндтэй Ерөнхий сайд асан Жюничиро Койзуми гэхэд мөн л этгээд зангиа зүүдгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд сонголт нь уулзалтын уур амьсгалаас шалтгаалдаг гэж ярьсан удаатай.

Харин Монголд хүрэлцэн эрхэм сайдын хувьд төв дипломат хэв маягтай нэгэн. Удам дамжсан улс төрчийн гэр бүлд өсөж төрсөн олон улсад нэр хүндтэй.  Тэрээр Шинзо Абэгийн кабинетэд 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд идэр залуудаа АНУ-д боловсрол эзэмшсэн улс төрч билээ.