Буяндэлгэрийн Мөнхчимэг
05 сарын 25, 2022
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад батламж гардууллаа.
Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ.
Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжүүлнэ” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн тэтгэлэг Шинэ сэргэлтийн зүргаан бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх мэргэжлээр суралцах залуусыг дэмжсэнээрээ онцлог. Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.
Мөн Харвардын их сургуулийн тэтгэлэгт шалгарсан Л.Мижиддорж "Харвардын тэтгэлгийг дотоодоосоо авах боломж олдоно гэж төсөөлөөгүй явсан.
Монголын залуус энэ тэтгэлгийг өөр улсын хүүхдүүдтэй өрсөлдөж авахад бэрх зам туулдаг. Харин энэ жил анх удаа Ерөнхий сайд дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг олгож буйд туйлын их баяртай байна. Зорьсноо биелүүлж, эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах зорилготой" гэлээ.
Оксфордын тэтгэлэгт шалгарсан Я.Баярсүрэн "Байгаль орчны чиглэлээр суралцана. Энэ тэтгэлэгт хамрагдах миний мөрөөдөл байсан. Маш их баяртай байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн сурсан мэдсэнээ зориулна гэж бодож байна" гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.