Монголбанкинд “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан банк хоорондын бага дүнтэй төлбөрийн системийг сольж, автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлэхээр гүйцэтгэгч компанитай гарын үсэг зурлаа.

Системийг нийлүүлэх, нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахын тулд олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулсан байна. Шалгаруулалтын үр дүнд Америкийн нэгдсэн улсын Монтран корпораци шалгарчээ. Монтран корпораци нь дэлхийн 17 улсад АСН+ системийг амжилттай нэвтрүүлсэн туршлагатай аж.

Энэ систем нь одоогийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шинэ системийг нэвтрүүлэх давуу талтай. 

Сонирхуулахад өнгөрсөн онд интернэт банк, мобайл банкны төлбөр тооцоо, төлбөрийн картын системээр нийт 30 сая ширхэг 3.9 их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ, 98 сая ширхэг 3.8 их наяд төгрөгийн картын гүйлгээ дамжсан байдаг. Системийн ачаалал ихтэй үед нэг минутад дунджаар 500 ширхэг гүйлгээ дамжиж байна.