Монгол Улсад  “Extensive Reading” буюу Англиар унших арга зүй боловсролын салбарт хэрэгжээд даруй 5 жилийн хугацаа өнгөрчээ. 

Extensive Reading Foundation олон улсын байгууллага, түүний гишүүн болох Mongolian Extensive Reading Association, Боловсролын Ерөнхий Газар, Нийслэлийн Боловсролын Газар болон Xreading олон улсын цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч Lingors боловсролын байгууллагууд хамтарсан “Англиар унших арга зүйн улсын зөвлөгөөн-2023” буюу “Extensive Reading National Conference-2023” арга хэмжээ Монголд анх удаа Англи хэлний өргөн хэрэглээнд гүүр нь болцгооё! уриатайгаар зургаадугаар сарын 22-ны  өдөр амжилттай зохион байгуулагдлаа.  

Энэхүү арга хэмжээний хүрээнд унших арга зүйг сүүлийн 5 жилийн хугацаанд гадаад хэлний заах арга зүйд хэрхэн хэрэгжүүлсэн үр дүн,  ололт,  амжилтаа дүгнэх, дотоод ба гадаадын илтгэл, судалгааны үр дүнтэй танилцаж, харилцан туршлагаа солилцох, цаашдын төлөвлөлтөө хэлэлцснээр онцлог байлаа. 

Англи хэлээр унших арга зүйг хэрэгжүүлж буй багш, судлаачдын улсын анхдугаар зөвлөгөөнд өөрийн орны болон гадаад улс оронд хийгдсэн судалгааны тайлан, зөвлөмжтэй танилцан бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд, сургалтын менежерүүд, англи хэлний багш нар, унших арга зүйн хэрэгжүүлэгч байгууллага аймаг, нийслэлийн бүх шатны сургуулийн төлөөллөөс ирж оролцов.

Олон улсын төлөөллөөс “Extensive Reading Foundation” байгууллагын удирдах зөвлөлийн тэргүүлэгч Rob Waring, XREADING олон улсын цахим номын сангийн ерөнхийлөгч Paul Goldberg нар энэхүү арга хэмжээнд Extensive Reading арга зүйн илтгэл танилцуулахын сацуу сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.  

“EXTENSIVE READING FOUNDATION” байгууллагын удирдах зөвлөлийн тэргүүлэгч Rob Waring Монгол Улсын хувьд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар англи хэлийг хоёрдогч хэл болгон заахад энэхүү англиар унших арга зүйг орон даяар үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж, сайн жишээ, шилдэг туршлага бүхий улсын нэг болсныг онцлоод удахгүй болох  Extensive Reading World Congress олон улсын чуулганд Монгол улсаас олон хүн оролцоосой хэмээн хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр EXTENSIVE READING сургалтын арга нь олон улсад эрчтэй түгж байгаа хэл сурах аргачлал гэдгийг онцлов.

Энэхүү арга хэмжээний хүрээнд

✔ Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын Газрын удирдлагуудын зүгээс багш, сурагчдын англи хэлийг унших арга зүйгээр хөгжүүлэх, 

✔Extensive Reading арга зүйгээр чадавхижуулах олон улсын туршлага судлах уулзалт, эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах,

✔ Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт болон сонгон судлах ангиудад Extensive Reading арга зүйг танхимын болон танхимын бус хөтөлбөрөөр хэрэгжүүлэх чиглэлээр эдгээр Extensive Reading арга зүйг Монгол улсад хэрэгжүүлэгч олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.   

Хэрэв Extensive Reading арга зүйн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Extensive Reading Foundation, Mongolian Extensive Reading Association болон Lingors байгууллагын албан ёсны вэб сайт болон пэйж хуудсаар мэдээлэл авах боломжтой. 


Энэ дашрамд дурдахад хоёр жил тутамд зохион байгуулагддаг Extensive Reading World Congress энэ жил Индонези улсын Бали аралд 2023 оны  8 дугаар сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд зохион байгуулагдах ба энэхүү линкээр Registration | The 6th Extensive Reading World Congress (erfoundation.org) дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.