Берлин хотноо амьдардаг зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийж, зах зээлд нийлүүлж эхэлжээ. Зураач бүсгүй “Цас чихэр”, “Шамбалын орон”, “Үүрийн цолмон” нэртэй гурван сүрчгээ тус бүр 500 ширхэг үйлдвэрлэсэн байна. "Цас чихэр” сүрчиг нь дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмж төрүүлэх бол “Үүрийн цолмон” хэмээн дүүгийнхээ нэрээр нэрлэсэн ус нь зөөлөн үнэртэй гэнэ.

Зураач мэргэжилтэй хэдий ч үнэртэн сонирхдог энэ бүсгүй сүүлийн арваад жилийг сүрчиг гаргахад зориулжээ. Түүний шинэхэн үнэртнүүд Европын зах зээлд гараад удаагүй байгаа хэдий ч борлуулалт сайтай байгаа аж. Ц.Цацралыг сүрчиг сонирхогчид “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ын админаар, урлагийнхан төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн ууган охин гэдгээр нь мэддэг билээ.