Олон улсын харилцаа дахин хурцдаж, их гүрнүүд хоорондоо сөргөлдөж, улмаар хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч эхэлж буй энэ үед Зүүн хойд Азийн орнуудын иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид мэдээллээ солилцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар бүс нутгийн түвшинд итгэлцлийг бэхжүүлэхэд дөхөм үзүүлэхийг зорьж байна. 

1953 онд Солонгосын дайны галыг зогсоох хэлэлцээр байгуулсан хэдий ч бүс нутгийн байдал түгшүүртэй хэвээр байгаа билээ. Энэ оны долдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны 70 жил тохиож байгаа учраас Солонгосын хойгт бат бэх энх тайван өнөөг хүртэл тогтоогүй байгааг дахин анхааруулах шаардлага гарч байна. 

Ийм нөхцөлд Зүүн хойд Азид энх тайван, хөгжил цэцэглэлт болон Солонгосын нэгдлийг дэмжих зорилго бүхий “Монголын Форум” хэмээх олон улсын төрийн бус болон судалгааны байгууллагуудын онол, практикийн форум 5 дахь удаагаа энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Форумын өмнө төлөөлөгчид “зангиагүй” буюу албан бусаар зөвлөлдөж, харилцааны нарийн түвэгтэй асуудлууд, тэдгээрт хэрхэн хандах талаар илэн далангүй ярилцах боломж гаргадаг нь форумд оролцогчид нэгдсэн ойлголтод хүрэхэд маш дөхөм болдог онцлогтой.

Хуралд оролцогчид хоёр Солонгосын бодлого, байр суурийг ойртуулахад гарч буй бэрхшээл, үл итгэлцэх уур амьсгалыг хэрхэн намжаах, түүнд олон улсын төрийн бус байгууллагууд хэрхэн дөхөм үзүүлж болох талаар ярилцахын дээр бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголд жуулчидыг хэрхэн татах, Монголын шилжилтийн эдийн засгийн сургамжийн талаар ярилцах, мөн залуучуудыг цаашид өргөнөөр энэ форумд болон бусад арга хэмжээнүүдэд хэрхэн татан оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Форумыг зохион байгуулагчид гадаадын оролцогчдод зориулж тус улсын гадаад бодлогын талаар тусгайлан мэдээлнэ. "Их 20"-ийн дээд хэмжээний хуралд зориулж 4 сард болсон Их 20-ийн ТББ-уудаас гаргасан Шинэ Делийн тунхаглалд Монгол Улсын цөлжилттэй тэмцэх бодлогыг дэмжсэн тул асуудлыг цаашид ТББ-уудын хэмжээнд хэрхэн хэлэлцэж дэмжих талаар ярилцана. Хуралд оролцогчид ноднин жилийн адил мод тарьсан болно. 

Форумын ажиллагаанд Монголын ТББ-уудаас гадна АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Малайз, Балба, Энэтхэг, Японы ТББ-ын төлөөлөгчид, нийтдээ 40 гаруй төлөөлөгчидөөс гадна БНСУ-ын Корёо, Ёнсэй, Чүннам их сургуулийн оюутнуудын төлөөлөл болон ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ -аас ёс зүйтэй нийгмийн энтерпройнершип хуралдаанд илтгэл тавихаар энтерпройнерууд, мөн сайн дурынхан оролцож буй юм. 

Хурлыг “Дэлхийн энхийн сан”, Цэнхэр сүлд ТББ, Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Өмнөд Солонгосын “Азийн хүрээлэн”, “Аялал жуулчлалаар дамжуулан Энх тайвныг тогтоох олон улсын хүрээлэн” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.