“Чингис Хаан” тэргүүн зэргийн одонг энэ жил “Морин Хуурын Чуулга”-д хүртээхээр болжээ.

Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ-ын Нью- Йоркийн Карнеги Холл, НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж ирсэн юм. Үндэсний урлагаа сурталчлан таниулж буй өвөрмөц дуугаралт, өнгө аястай энэхүү найрал хөгжим нь өдгөө 31 жилийн ойтойгоо золгож байна.

Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдаж, 1994 оны 05-р сарын 25-нд Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд “Морин хуурын чуулга” нэгдэж байжээ.

Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-ээр өргөмжилсөн юм.

“Чингис хаан” одон нь Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн /хуулийн этгээд/-д олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Морин хуурын чуулга энэхүү одонг урлаг, соёлын салбараас хүртэж буй 5 дахь уран бүтээлч болж байгаа юм байна.