Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, энэ сард шийдвэрлэсэн болон шалгаж буй хэргүүдийн талаар тайлан мэдээлэл хийнэ. Ямар хэргүүдийн талаар мэдээллэхийг товчоор хүргэж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь ажиллах хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн, мөн төсөвт тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг худалдан авах дүрэм журмыг зөрчин шууд худалдаа хийж өөртөө болон бусдад давуу байдал олгосон;
  • Хууль Сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо хүрээгүй элсэгчээс хахууль авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь байгууллагын дотоод хяналтаар илэрснийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан хот төлөвлөлтөнд тусгагдаагүй барилга, байгууламжийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан;
  • Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт Цагаан-Эрэг нэртэй газарт нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг явуулахдаа орон нутгийн болон хууль хяналтын эрх бүхий албан тушаалтныг татан оролцуулсан зохион байгуулалтай гэмт бүлэглэлийн шинжтэй хэрэгт;
  • Орхон аймгийн Өмчийн харилцааны удирдах албан тушаалд ажиллаж байсан албан тушаалтан нь нийтийн албан тушаалд ажиллах явцдаа өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, улмаар албан тушаалаасаа огцорсоны дараа онц их хэмжээний хөрөнгөөр орон сууцны зориулалттай барилга барьж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онд өөрсдийн хамаарал бүхий 9 компаниар дамжуулан 1,5 тэрбум төгрөг завшсан;
  • “Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий ня-бо Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нар нь албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан;
  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр тус сумын Засаг дарга Ч.Батдэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дамдинсүрэн нарын төрсөн дүү ах дүү нар болох Ч.Дамдиндорж, Ч.Батчадраа нарт давуу байдал бий болгосон;
  • Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж ирүүлсэн Г.Дэнзэн нь Монгол Улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод автотээврийн хэрэгслийн жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн даргаар томилогдож албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт дахин шилжүүлээд байна.

Мөн У.Хүрэлсүхийн туслах асан Э-г Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж буй юм.