Энэ удаагийн ярилцлагаар маркетер, санхүүгийн шинжээч, хувийн санхүүгийн боловсролын контент бүтээгч М.Дэнсмаатай хуримтлал үүсгэх хэвшил,  орлого зарлагын зохистой хуваарилалтын талаар ярилцлаа.


-Хүмүүс хадгаламж нээж, мөнгөн хуримтлалтай болох нэмэгдсэн. Нөгөө талаас чухам яах гэж мөнгө хадгалах ёстой юм бэ гэж бодох хүмүүс ч бий. Ер нь хуримтлалтай байхын давуу тал юу вэ? 

-Хуримтлалын хамгийн том давуу тал нь ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулах гэж ойлгож болох юм. Хуримтлал үүсгэж байгаа хүн байр, машинтай болох, аялах, гадаад улсад суралцах зэрэг тодорхой нэг зорилгод хүрэхийн тулд мөнгөө хадгалдаг. Үүнээс гадна гэнэтийн нөхцөлд санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд ашиглах боломжтой. Тухайлбал бие өвдөх, хүнд өвчин тусах үед эрсдэл багатайгаар тухайн нөхцөлийг давж гарч болно.

Бид хүнд өвчин туссан гээд хандив цуглуулдаг олон тохиолдлыг мэднэ. Гэтэл өвчин туссан бүхэн бусдаас мөнгө гуйгаад байж чадахгүй. Хэцүү үед өөрөө давж гарах чадамжтай байх хэрэгтэй

Тиймээс ирээдүйгээ тооцоолж, хадгаламжтай, хуримтлалтай байх нь маш том давуу тал. Ковидын үед хүмүүс хуримтлалын үр шимийг мэдэрлээ. Саяхны судалгаагаар хадгаламжтай хүмүүсийн 50 орчим хувь нь хуримтлуулсан мөнгөө ашиглаж байж ажилгүйдэл, эмчилгээний төлбөр зэрэг асуудлаас хөнгөн гарч чадсан гэсэн дүн гарсан. 


Зорилгоо тодорхойл, сайн судалж нарийн төлөвлө 

-Хуримтлал нээхийн тулд эхлээд юунд анхаарах хэрэгтэй вэ? 

-Хуримтлал үүсгэхээсээ өмнө дараах гурван зүйлд анхаарахыг зөвлөе. 

Нэгдүгээрт мөнгөө хадгалаад юу хийх вэ гэдгээ тодорхойл. Боловсрол, эрүүл мэнддээ зориулах уу эсвэл гэр бүлдээ  байр, машин авах гэж хадгалах уу гэдгээ баттай болгоорой. Зорилгоо тодорхойлсны дараа заавал  бичиж тэмдэглэх хэрэгтэй. Учир нь хүний тархи нэгэнт харсан зүйлээ бодит болгохын тулд идэвхтэй ажилладаг. 

Үүний дараа өөрийн чадах хэмжээнд судалгаа хий. Мөнгөө банканд хадгалах уу, хугацаатай, хугацаагүй хадгаламжтай байвал ямар давуу талтай вэ гэх зэргийг судалж, ямар хэлбэрээр хуримтлал үүсгэхээ шийдэх хэрэгтэй. Судалгаагүйгээр хэн нэгний үгэнд итгэж шийдвэр гаргадаг нь бидний гаргадаг хамгийн том алдаа. Ингэхгүйн тулд хадгаламж үүсгэсэн туршлагатай хүн эсвэл санхүүгийн зөвлөхөд хандаж ч болно. 

Ийн зорилгоо тодорхойлж, судалгаа хийгээд санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаарай. Уг төлөвлөгөөнд анхаарах зүйл нь цаг хугацааг нарийн тогтоох юм. Жишээлбэл таван жилийн дараа сургалтын төлбөртэй болохын тулд сард орлогынхоо 10 хувийг хадгалаад байвал болох юм байна. Хэрвээ 20 хувийг хадгалбал 3 жилийн дотор зорилгодоо хүрч болох нь гэх мэтээр олон талаас харж, бодож үзээрэй.


Таны бодлоор хүмүүс хувийн санхүүгээ хөтлөхдөө ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?

-Санхүүгийн төлөвлөгөө гаргадаг хүн цөөн юм шиг ажиглагддаг.  Төлөвлөгөөг багадаа 5 жилээр гаргаж сурах хэрэгтэй. Нэгдсэн төлөвлөгөөгүйгээс олсон мөнгөө замбараагүй үрдэг. Ямар ч зүйлийг худалдан авахдаа сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь түгээмэл. 

Санхүүгийн сахилга бат нь бүр хүүхэд наснаас суудаг зүйл. Хүүхэд хүмүүжлийн л нэг хэсэг шүү дээ. Ээж аавууд хүүхдэдээ худлаа ярьж, хулгай хийж болохгүй гэж сургадагтай л ижил. Мөнгөө хэрхэн хадгалж, зүй зохистой зарцуулахыг хэлж сургаж байх хэрэгтэй. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургалтын бага ангийн хөтөлбөрөөс санхүүгийн боловсролын хичээл ордог байх нь ч зөв. Харамсалтай нь манайд ийм жишиг тогтоогүй байгаа учраас ерөнхийдөө хүмүүст энэ талын мэдлэг дутмаг байна. 

Гэхдээ санхүүгийн зан төлөв өөрчлөгддөггүй зүйл биш ээ. Би ч өөрийн санхүүгийн зан байдлаа суралцаад засаж залруулж явна. Санхүүгийн сахилга баттай болохын тулд эхний ээлжинд орлогын хуваарилалтаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. 


Хүч хөдөлмөр зарцуулсан мөнгөө өөрөөсөө бүү харамла, харин...

Та орлогоо хэрхэн хуваарилдаг вэ. Өөрийнхөө мөнгө хуримтлуулдаг арга барилаас хуваалцаач?

-Орлогоо зөв зохицуулах олон арга бий. Тухайлбал “50-30-20” дүрэм гэж бий. Нийт орлогынхоо 50 хувийг өдөр тутмын зардалд, 30 хувийг нь болзошгүй зардалд, үлдсэн 20 хувийг хэрэглэхгүйгээр хадгалдаг. Мөн “80-10-10”, “80-20” дүрэм гэж ч бий. Орлогын хэмжээнээсээ хамаарч эдгээрээс өөрт тохирохыг сонгож болно. 

Миний хувьд “80-20” дүрмийг ашигладаг. Сарын цалингийнхаа 80 хувийг өдөр тутмын болоод шаардлагатай зүйлсэд зарцуулдаг. Үлдсэн 20 хувийг шууд хугацаатай хадгаламжийн дансандаа хийдэг. Цалингаас гадна орлогыг бүгдийг нь хадгалах эсвэл өөрийгөө хангалттай сайн ажилласан гэж үнэлсэн үедээ урамшуулж хүссэн зүйлээ худалдаж авах зэргээр зарцуулдаг. 


-Зарлагаа танаж байж хадгалах уу эсвэл орлогоо нэмснээр хадгалах боломж бүрддэг үү? 

-Энэ асуултад санхүүгийн мэргэжилтнүүд харилцан адилгүй хариулт өгөх байх. Миний хувьд өөрийн цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж олсон мөнгөө хасаж, өөрөөсөө харамлан байж хадгалах нь буруу юм шиг санагддаг. Хэчнээн танаж хаслаа ч байнга гаргадаг тогтмол зардал тэгтлээ багасахгүй шүү дээ. 

Ихээр бодоход нийт зардлаасаа 50-60 мянгыг л хэмнэх байх. Харин үүний оронд орлогын олон эх үүсвэртэй болох дээр ач холбогдол өгөх нь зөв. Хүн бүрд сайн хийж чаддаг эсвэл сонирхдог зүйлс бий. 

Жишээ нь сүүлийн үед зарим охид бүсгүйчүүд ажлын хажуугаар онлайн дэлгүүр ажиллуулж байна. Гадаад хэлтэй хүмүүс орчуулгын ажил хийх, гарын ур дүйтэй хүмүүс захиалгаар тавилга хийх гээд өөр өөрийн хийж чадах зүйлээр давхар орлого олох боломж хангалттай олон бий. Гол нь өөртөө хүнд ачаалал өгч зовоолгүйгээр хийх зүйлээ бодож олоорой. 


Бүх өндгөө нэг сагсанд хийх хэрэггүй

- Сүүлийн үед мөнгөө хадгаламжид хадгалахаас гадна хувьцаа худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх мөн цахим мөнгө худалдаж авах болсон. Эдгээр нь ямар онцлогтой вэ? 

-Мөнгө хадгалах, өсгөх аргуудыг эрсдэл багатай, эрсдэлтэй, хэт өндөр эрсдэлтэй гэж ангилж үзье. Хадгаламжийн сертификат, харилцах данс, хадгаламжийн данс, бэлэн мөнгө зэрэг нь эрсдэл багатай. Хувьцаа, хөрөнгө оруулалтын сан, компанийн бонд, засгийн газрын бонд худалдаж авах нь багаас дунд эрсдэлтэй гэж тооцъё. Харин өндөр эрсдэлтэй төрөлд криптовалют, форекс зэрэг богино хугацааны ашиг харсан хөрөнгө оруулалт орж болно. Тиймээс криптовалют зэрэг цахим мөнгө худалдаж авахын өмнө сайтар судлаарай. Одоогоор манай улсад хууль, эрх зүйн зохицуулалт нь найдвартай болоогүй байгаа. Хэн нэгний хэлсэнд шууд итгээд өөрийгөө эрсдэлд бүү оруулаарай. 


-Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл? 

-Мөнгөө өсгөхөөр шийдсэн бол нэг эх үүсвэрт найдах хэрэггүй. Мөнгөө өөр өөр төрөлд төрөлжүүлэн хуваарилаарай. Мөнгөнийхөө тодорхой хэсгийг хадгаламжинд байршуулах эсвэл үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийж үлдсэнээр нь хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийж ч болох юм. 

Яагаад ингэж олон хуваах нь зөв бэ гэвэл макро, микро хүчин зүйлсээс хамаарч гэнэтийн эрсдэл гарч мэднэ. Жишээлбэл хувьцааны үнэ унавал үл хөдлөх хөрөнгийн тухайн жилийн өсөлтөөс олсон орлогоор алдагдлаа нөхөж болно. Итгэж болох орлогын олон эх үүсвэртэй байх нь хэцүү үед харьцангуй бага эрсдэлтэй давж гарах боломж юм. 

Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас нь харж аль нь ирээдүйд илүү үнэ цэнийг авчрах вэ гэдгийг бодоорой. Богино хугацааны ашгаас илүү урт хугацааны өгөөжтэйг нь сонгох хэрэгтэй шүү. 


-Мөнгөн хуримтлалтай болж байж л санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг үү. Та санхүүгийн эрх чөлөөг хэрхэн тайлбарлах вэ? 

-Дансандаа их мөнгөтэй эсвэл олон давхар байшинтай, үнэтэй машинтай болохоор л санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг юм биш шүү дээ. Тухайн хүн өөрт хэрэгтэй зүйлээ хүссэн үедээ хийх чадамж гэж ойлгож болох юм. 

Жишээлбэл хэн нэгэн өөр шаардлагатай байгаа зүйлээ зээл гэлтгүйгээр нь худалдаж авч болох эсвэл тэтгэлэг гэлгүйгээр хүүхдээ гадаадад сургах гэх мэт хүссэн ямар ч зүйлээ авахад нь санхүүгийн талаас ямар нэг хүндрэл учрахгүй байх нь л санхүүгийн эрх чөлөө. 

Гэвч заримдаа хүмүүс хэтэрхий хийсвэр төсөөлж их мөнгө олж, баяжих хэрэгтэй гэж боддог. Мөнгөтэй бүхэн жаргалтай болдоггүйг олны танил, алдартай хүмүүсийн жишээнээс харж болно. Тэгэхээр нэг талаас санхүүгийн эрх чөлөөг хүссэн зүйлээ аваад мэдрэх хүн хүний сэтгэл ханамжтай холбодог. 


Мөнгөөр аз жаргалыг худалдаж авах боломж

-Сэтгэл ханамжтай байдал нь мөнгөтэй холбогдож байна гэхээр аз жаргалыг худалдаж авах боломжтой гэж ойлговол зөв үү? 

-Аз жаргалыг мөнгөөр авч болох уу гэдэгт хүн бүр янз бүрийн  хариулт өгнө. Би хувьдаа энэ асуултын хариуг их удаан хайсны эцэст олсон. Өргөн хүрээнд, илүү том дүр зургаар харвал аз жаргалыг мөнгөөр авч чадахгүй. Гэхдээ хүнийг аз жаргалтай болоход санхүүгийн маш жижиг асуудлууд ч том нөлөө үзүүлэх нь бий. Бас өдөр тутамдаа мөнгөөр аз жаргалыг авах аргууд ч байна. 

Тухайлбал Харвардын их сургуулиас хийсэн судалгаагаар мөнгөө дуртай зүйлдээ зарцуулах үед хүн аз жаргалтай болдог гэнэ. Энд мөнгөний их бага хэмжээ тийм ч чухал биш. Жишээ нь хэн нэгэн дуртай кофегоо уух, өөр нэг нь  аялалд явахад тэдний зарцуулж буй мөнгөний хэмжээ ялгаатай ч авч байгаа сэтгэл ханамж, мэдрэмж нь ижил байдаг гэсэн үг. 


Аз жаргалаа худалдаж авах өөр нэг аргыг хуваалцъя. Судлаач Даниель Гилберт аз жаргалын индексын судалгаагаар хүн бусдад туслах үедээ аз жаргалтай болдог гэж үзжээ. 

Тэрбээр судалгаанд оролцсон хүмүүст 5-20 доллар өгч, тухайн мөнгөнд багтааж юу ч хамаагүй хийхийг хүссэн байна. Нэг хэсэг нь хоол авч идсэн бол зарим нь гэр оронгүй хүнд тусалж, үлдсэн хэсэг нь хямдралтай бараа худалдаж авах зэргээр өөртөө зарцуулжээ. Дараа нь тэднээс сэтгэл ханамжийг нь асуухад бусдад тусалсан хүмүүс хэдий бага мөнгө зарцуулсан ч өөртөө зориулж юм авсан, хоол идсэн хүмүүсээс илүү аз жаргалыг мэдэрсэн байна. Эндээс харвал мөнгөний их багаас хамааралгүй аз жаргалтай болоход нөлөөлдөг гэж болно.

Бичлэг үзэх:


Өрхийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг гээд илүү эрх мэдэлтэй байх нь эдийн засгийн хүчирхийллийн нэг хэлбэр


-Бид өрхийн санхүүгээ хөтлөхдөө юун дээр илүү анхаарах шаардлагатай вэ?

-Саяхны судалгаагаар залуу гэр бүлүүдийн санхүүгийн асуудлаас үүдсэн стрессийн түвшин 55-аас дээш насны хосуудаас 2 дахин илүү байдаг гэж дүгнэлт гарсан байсан. Өөр өөр зан араншин, санхүүгийн хэвшилтэй хүмүүс хамтран амьдарч байгаа. Тиймдээ ч санхүүгийн олон эрсдэл, асуудлуудыг үүрдэг. Тиймээс залуучууд хамгийн чухал нь хоорондоо зөвшилцөж шийдсэн нэгдмэл зорилготой байх хэрэгтэй. Түүндээ хүрэхийн тулд зөв төлөвлөгөө гаргаснаар олон жижиг асуудлыг шийдвэрлэж, эрүүл зөв харилцаатай гэр бүл болоход тусална. 


Манайхан хэн нэгэндээ хэтэрхий их ачаа үүрүүлж байгаагаа анзаардаггүй. Ихэвчлэн өрхийн тэргүүн ар гэрээ тэжээх ёстой гэдэг хүлээлтээс үүдэн эрчүүд сэтгэл зүйн дарамтанд орох нь бий. Энэ нь эргээд буруу зуршилд автах,  өвчин эмгэгт өртөх зэрэг олон асуудал дагуулж байдаг. 


Нөгөө талаас их мөнгө олдог учраас гэртээ илүү эрх мэдэлтэй байж, эхнэрээ (нөхрөө) дарамталдаг, бүх шийдвэрийг ганцаараа дур мэдэн гаргахийг санхүүгийн хүчирхийлэл гэж үздэг. Иймд хосууд бүр анхнаасаа сайн ярилцаж, ойлголцох нь чухал.


-Гэр бүлийн санхүүгийн төлөвлөлтөд тустай, хэрэгжүүлж болох орлого хуваарилалтын аргаас хуваалцвал? 

-Өрхийн орлогоо хэрхэн бүрдүүлэхээ тодорхой шийдвэрлэ. Манайхан ази соёлтой, гэр бүлсэг үндэстэн учраас мөнгө санхүүгийн асуудалд тохиролцох гэж ярих дургүй. Харин барууны орнуудад анхнаасаа нэгдсэн орлогоо яаж бүрдүүлэх, тус тусын өмчөө хэрхэн эзэмшихээ тогтоочихсон байдаг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр цалингийнхаа 50-50 хувийг нийлүүлж өрхийн орлогоо бүрдүүлэх боломж бий. Эсвэл эхнэр нь ахуйн шинжтэй өдөр тутмын зарцуулалтаа хариуцаж, харин нөхөр нь арай өндөр дүнтэй, томоохон шийдвэр гаргалтай холбоотой төлбөрийг хариуцдаг байж болно. Гэхдээ гэр бүл бүхэн харилцан адилгүй орлоготой, соёлтой учраас өөрт тохирсон аргыг олж сонгоорой. 

Энэ мэт санхүүгийн зөв хэвшилтэй болж, асуудлаа зөв шийдвэрлэдэг орчинд өсөж байгаа хүүхэд  ямар нэг зүйлд санаа зовохгүй, сэтгэл зүй нь тогтвортой, цовоо сэргэлэн өсөх боломж бүрддэг. Энэ бүхнээс харахад амьдралыг мөнгөөр хэмжиж болохгүй ч мөнгө санхүүгийн асуудлыг оновчтой шийдвэрлэж байж л сайн сайхан амьдрах суурь тавигддаг.

Бичлэг үзэх: