А.Идэрбат: Таван жил тэсэхэд санхүүгийн байдалдаа "их засвар" хийнэ

Энэ удаагийн ярилцлагаар “Apex Capital” компани, Томүжин Альтернатив сургуулийн хамтран үүсгэн байгуулагч  А.Идэрбаттай санхүүгийн боловсрол гэж чухам юу болох, хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар ярилцлаа.


-Хөрөнгө оруулалт зөвхөн баян хүмүүсийн хийх ажил гэж эндүүрдэг шүү дээ. Энэ ойлголтыг энгийнээр тайлбарлахгүй юу?


-Хөрөнгө оруулалт гэдэг энгийнээр дансанд байгаа мөнгөө ойрын хугацаанд хэрэглэлгүйгээр, илүү их үр шим хүртэхээр хийж буй алхам юм. Тэгэхээр хүн болгонд хамаатай ойлголт байгаа биз. Хөрөнгө оруулагч болоход докторын зэрэгтэй байх ч шаардлагагүй, зүгээр л мөнгөө хадгалаад, хадгаламжийн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх арга ухаан.  

Энэ нь ирээдүйд санхүүгийн эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдрах чадвартай өөрийгөө  бий болгохоор гэж тохирч буй “наймаа” юм.  


-Хурдан санхүүгийн эрх чөлөөнд хүрчихээд хүссэн юмаа хийгээд явах юмсан гэж боддог хүмүүс бий. Санхүүгийн зөвлөхийн хувьд монголчуудын санхүүгийн боловсрол ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Үнэндээ богино хугацаанд, амархан аргаар мөнгө олоод түүнийгээ үрэхийг л хүсдэг хүмүүс их байна.  

Урт хугацаанд тогтмол орлоготой болж, илүү их үр шим хүртье гэсэн төлөвлөгөө, тооцоолол, ойлголт бараг л байдаггүй. Хөрөнгийн зах зээл гэдэг цаг хугацааны хувьд асар их тэвчээр шаарддаг. Даанч ихэнх хүн дараагийн гурван сарыг л харж шийдвэр гаргадагт асуудал байгаа юм.


-Санхүүгийн зөвлөгөө авахаар ханддаг хүмүүсийн дунд тулгардаг нийтлэг алдаа юу байна  вэ? 

-Өөрийг нь чиглүүлж, хөтлөх гол зүйлээсээ төөрчихсөнд асуудал байна гэж хардаг. Жишээ нь таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухаар гэр бүл гэдэг. Ингэж хариулах нь амархан бас сайхан л даа. Гэхдээ ярьж байгаа агуулгаа бодитоор ойлгож мэдэрсэн нь ховор. Бас өөрийнх нь бодол, үйлдэл хоёр зөрчихсөн байдгийг анзаардаггүй. 




-Үүн дээр бодит жишээ хуваалцаж болох уу? 

-Санхүүгийн зөвлөгөө авдаг хүмүүсийг ажиглахаар баахан өр зээлийн асуудалд дарлуулсан улс ирдэг. Ганцхан цалингийн зээлтэй хүн ховор. Нэмээд хэрэглээний зээлтэй, байрны лизингтэй, нэмээд ломбарданд эд зүйлсээ тавьсан байдаг. 

Орлогоо чухам юунд зарцуулсан бэ гэхээр шинэ загварын гар утас авсан, машин унаагаа сэлгэсэн гэж хариулдаг нь гайхмаар. Хатуухан хэлэхэд бусдад сайхан амьдарч байгаа мэт дүр эсгэж хамаг мөнгөө зарцуулчихдаг хэрэг. Үүнийг би монголчуудын санхүүгийн хүндрэлд ордог хамгийн гол шалтгааны нэг гэж хардаг.


-Монголчууд хэрэглээний зээлээрээ дэлхийд тэргүүлдэг гэж сонссон. Тэгэхээр хэт их хэрэглээ шүтэж амьдарснаасаа болж өөрийгөө санхүүгийн асуудалд оруулдаг байх нь ээ?

-Чухам юу руу тэмүүлж амьдарч, юуг мөрөөддөг вэ гэдгээ мартчихсан, төөрөлдчихсөн явах нь бий. Иймээс л хэн нэгэнд тэр дундаа дургүй хүндээ элбэг хангалуун “амьдарч байгаа мэт” харагдах гэж хичээж байна уу даа.

Үнэтэй машин, гар утас зэрэг аваад л үнэ цэн нь унах зүйлсийг худалдаж авч байна. Энэ нь өөрийнх нь ярьдгаас эсрэгээрээ буюу тухайн хүнийг хөтөлж, чиглүүлж байгаа зүйл нь эдлэл болж хувирдаг. Ийм хандлага нь бусдын хэтэвчийг зузаалах гэж өөрийн хүч хөдөлмөр, цагаа зориулж байна гэсэн үг. 




-Үрэлгэн зан, бусдад сайхан харагдах гэсэн хандлага хүүхэд наснаас төлөвших үү, барууны улс орнуудад сургалтын хөтөлбөрт нь энэ төрлийн хичээл ордог юм билээ…?

-Тэгэлгүй яахав. Санхүүгийн боловсролын суурь  нь мөнгөтэй харьцах шүү дээ. Манай эцэг эхчүүд мөнгө, санхүүгийн асуудлын талаар хүүхэдтэйгээ бараг ярьдаггүй. Ярих шаардлага байхгүй л гэж боддог. 

Ярихдаа шууд өөрийн бодлоо тулгадаг тал бий. Жишээ нь “Чи хэрэггүй юманд мөнгө үрэхээ боль, хэмнэ гамна” гэж загнадаг. Хэмнэж гамнах ухааныг заагаагүй хүүхэд яаж хадгалахаа мэдэхгүй шүү дээ. Уг нь хүүхдэдээ энэ талаар энгийнээр тайлбарлаж ярилцвал маш сайн ойлгодог. Хүүхэдтэйгээ гэрийнхээ сарын орлого, зарлагаа хэлж ярилцаад үз. Магадгүй зардал нь хэт өндөр гараад байна гэж хэлээд юуг нь хэмнэж болох талаар тайлбарлавал амархан ойлгогдоно. Гэтэл манай  ЕБС-д ч мөнгөний талаар огт заадаггүй. 


-Тэгэхээр үрэлгэн зан зуршил болж суух нь ээ?

-Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг анхнаасаа үрэлгэн сурсан хүн мөнгөө зөв зарцуулж дадах амар биш л дээ. Гэхдээ засаж залруулах боломж үргэлж байдаг. Ердөө таван жил үрэлгэн зангаа засаад ирээдүйд хүрэх зүйлээ ухамсарлаж чадвал таны санхүүд “их засвар” хийгдчихнэ. Бараг л амьдралынхаа үлдсэн жилүүдэд юунд ч санаа зоволтгүй болно гэсэн үг шүү дээ. 


Нэгэнт л цагаа зарцуулж байгаагийнх ажлаа өөрт ашигтай байлга


- Тэгвэл орлого багатай, цалингаас цалингийн хооронд хэрэглээгээ зохицуулдаг хүн хэрхэн мөнгө хадгалж сурах вэ?

-Зарим хүмүүс богино хугацаанд, амархан аргаар мөнгөтэй  болохыг л мөрөөддөг. Өөрийгөө хөгжүүлж, амжилт гаргая гэдэг ч үйлдэл хийдэг хүн ховор. Би ажил олгогч хүний хувьд нэг л зүйлийг чухалчилдаг. Нэгэнт л цагаа зарцуулж ажиллаж байгаагийнх ажлаа өөрт ашигтай байлгах хэрэгтэй. Захирлаасаа л юм нэхээд, цалингаа нэмчихвэл  сайн ажиллана гэдэг залуус дэндүү олон байна. Уг нь эхлээд яаж тэднээс ялгарах вэ гэдгээ бодох учиртай. 

Ажилдаа утга учиртай хандаж, байгаа газраа өөрийн үнэ цэнийг бүтээж, чухал хэрэгтэй хүн гэдгээ нотолчих. Зүгээр сууж байхад унаад ирдэг боломж гэж байхгүй. Хүн тэр боломж гэгчийг өөрөө олж, бүтээдэг гэж би боддог.


- Та хэрхэн өөртөө боломж бүтээж байсан бэ? 

-Миний амьдрал хоёр хэсгээс бүрдсэн гэж хэлж болно. Эхнийх нь ажил хийж, бусдын төлөө зүтгэсэн үе. Нөгөө нь өөрөө хүмүүст ажил олгогч болсон үе. 

Зарим хүн надад итгэхгүй байж мэднэ. Гэхдээ би 120 мянган төгрөгийн цалинтай дадлагажигч байхдаа  цалингаа 18 сарын дотор 3 сая хүргэж чадсан. 

Үнэнийг хэлэхэд Германаас Монголдоо буцаж ирэхдээ эх хэлээрээ ч сайн ярьж чаддаггүй бас халаасандаа мөнгөгүй байлаа. Хэдийгээр герман, англи хэлээр чөлөөтэй харилцдаг ч ажлын хөлс маш бага, өдрийн хоол авч, автобусны зардлаа төлөхөд ч хүрэлцдэггүй байсан үе. Гэсэн хэдий ч тэр үед маш их зүйл сурч авсан. Ажил дээрээ өглөөний 8-аас орой 22:00цаг  хүртэл сууж зах зээл, бараа бүтээгдэхүүн, тайланг нь судалж өнгөрүүлдэг байсан.

Эхний хэдэн долоо хоногт нэг нүүр тайлан ч бичиж чаддаггүй байснаа тод санадаг. Өдөр ирэх тусам бага багаар сайжирсаар өдөрт 5-6 нүүр бичдэг болов. Хэрвээ миний 10 жилийн өмнөх файлуудыг ухвал хэдэн зуун хуудас тайлан, төлөвлөгөөнүүд л олдоно. 

Ингэж ажилласаар цалингаа нэмэгдүүлэх талаар бодож эхэлсэн. Удалгүй Улаанбаатар гурил компанид зах зээлийн судалгаа хийж, бизнес төлөвлөгөө бичихээр боллоо. Энэ ажил маань ч нэлээд амжилттай бүтсэн шүү. Тэр үеэр Таван Богд группийн хувьцаа эзэмшигчид намайг анзаарч ажлын санал тавьсан юм. 


-  Өөрөө ажил олгогч болж, хөрөнгийн зах зээлд оролцох шийдвэр гаргахад тань юу сэдэл өгч, нөлөөлсөн бэ? 

- Энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө Монголын томоохон тав, зургаан компанид ажиллаж үзсэн. Тухайн үедээ компанийн үйл ажиллагааг идэвхжүүлж, орлогыг нэмэгдүүлэх олон төсөл хэрэгжүүлж, ажил олгогчдоо чамлахааргүй их ашиг оруулж байлаа. Амжилттай ажиллаж байсан учраас надад санаа зовох зүйл байгаагүй.

Гэхдээ миний ажлын үр дүнд үүссэн ашиг хэчнээн их байлаа ч аль хэдийн баяжчихсан хүмүүсийн хөрөнгөнд ямар ч нөлөө үзүүлэхгүй, тэдний хувьд үнэ цэнгүй байгаа ч юм шиг санагдаж эхэлсэн л дээ.

Тэгээд боломжоор дүүрсэн хүний төлөө ажиллахын оронд бизнесээ дөнгөж эхлээд орлого нь тогтворжоогүй, арай гэж олдсон боломжоо ашиглах учраа олоогүй хүмүүст тусалж, чиглүүлбэл миний ажлын үр өгөөж илүү үнэ цэнтэй болох юм гээд шийдсэн.


 -Бизнес, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж байсан хүн боловсролтой яаж холбогдсон бэ. Яагаад Томүжин Альтернатив сургуулийг хамтран үүсгэн байгуулах болов? 

-Хамтрагч Б.Батжинтай танилцах үеэр  бэлтгэж байсан нэг сурагч нь 200 сая төгрөгийн тэтгэлэг авч Харвардад тэнцсэн. Бүр гайхалтай нь  аль хэдийн 200 гаруй залуусыг энэ маягаар   бэлтгээд дэлхийн тэргүүлэх их сургуулиудад  элсүүлчихсэн. Энийг мэдээд надад хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь Батжин надаас илүү хөрөнгө оруулагч юм байна. 

Би нэг баяны орлогыг хэдхэн хувиар нэмэгдүүлж байхад Батжин орлогогүй, зовлонгоос зовлонгийн хооронд амьдардаг хүнийг ямар ч асуудалгүй болгож байгаа юм. Тэгэхээр түүний ажлын бүтээмж минийхээс илүү үнэтэй болж байгаа биз. Тэгээд л Батжингийн араас "гүйсээр" хамтарч эхэлсэн.  Одоо бидний хүсэж байгаа зүйл бол дэлхийн нэр хүндтэй томоохон сургуулиудыг монгол хүүхдүүдээр дүүргэх. 




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.