Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

-Санхүүгийн сахилга бат гэж их яригддаг болжээ, та хувьдаа ямар хүнийг “санхүүгийн сахилга баттай” гэж тодорхойлох вэ?


-Товчхондоо, санхүүгийн тодорхой “дүрэм”-тэй хүнийг хэлнэ. Ямар ч үед түүнийгээ баримталдаг, үгүй ядаж баримтлах гэж хичээдэг хүнийг хэлэх болов уу. Хүмүүс орлого л нэмэгдчихвэл хүссэн зүйлээ авчих юм шиг боддог. Мэдээж буруу биш, гэхдээ зарлагаа хэрхэн удирдаж буйгаараа тэр хүн санхүүгийн сахилга баттай байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно. Саяхан манай найз өөрийн фэйсбүүк хуудастаа, ах дүүсээрээ цуглаад хэн хэдий хэр хуримтлал үүсгэсэн тухайгаа ярилцснаа бичсэн байсан. Логикийн хувьд их орлоготой нь илүү их хуримтлал үүсгэсэн байж таарна даа. Гэтэл тэднээс хамгийн бага орлоготой нь хамгийн их хуримтлал үүсгэсэн тухай хуваалцсан байсан. 

Энд л санхүүгийн сахилгатай, сахилгагүй хүмүүсийн ялгаа гарч байгаа юм. Бидний зарим найз нөхөд өндөр цалин орлоготой мөртлөө байнга л цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж, зээл, өр төлбөртэй байдаг шүү дээ. Энэ нь тэдгээр хүмүүс хэрэглээгээ хянадаггүйтэй холбоотой.


-Нийгэмд маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс бий ч бүгд тодорхой хэмжээгээр санхүүгийн харилцаанд орж байдаг. Санхүүгийн бус мэргэжлийн хүмүүст эдийн засгаа эрсдлээс хамгаалахад нь тусалж юу зөвлөх вэ?

-Хамгийн түрүүнд санхүүгийн хувьд, өөрийн гэсэн дүрэмтэй болох хэрэгтэй. Мэдээж хэрэг санхүүгийн зөвлөхөөс зөвөлгөө авч, ном уншиж, интернетээс мэдээлэл хайж ч болно. 

50/30/20-ийн дүрэм, 40/20/20/20-ийн дүрэм гэх мэт олон дүрэм гарч ирж магад. Орлогоосоо хамгийн түрүүнд, юунд зарцуулахдаа анхаарал хандуулах хэрэгтэй. 

Улс орон, өрх гэр, хувь хүн ч бай энгийнээр тайлбарлахад,  Нийт Зардал = Орлого + Зээл байдаг. Зээл гэдэг муу зүйл биш ч хэт их хэрэглээг санхүүжүүлбэл муу, эсрэгээрээ орлого дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулж байвал сайн зүйл юм. Өөрөөр хэлбэл, зээл гэдэг бол бид ирээдүйн орлогоосоо урьдчилан авч хэрэглэж буйн нэг хэлбэр. Энд энгийн нэг зүйлийг санахад илүүдэхгүй. Тэр нь, зээлийн өсөлт чинь таны орлогын өсөлтөөс хэрхэвч давж болохгүй. Хэрэв тэгвэл та ирээдүйн орлогоороо зээлээ төлж чадахгүйд хүрч мэднэ. Үндсэн сэдэвтээ буцаад оръё. Зардалдаа анхаарах хэрэгтэй. Таныг зардлаа үндсэн 3 хэсэгт хуваахыг зөвлөе.

1. Үндсэн хэрэглээ

Үүнд  хоол хүнс, цахилгаан дулаан, орон байр (ипотекийн зээл), эрүүл мэндийн даатгал зэрэг таныг амьдрахад нэн шаардлагатай хэрэгцээт зардлууд орно. Энэ нь таны зардлын нилээд хэсгийг бүрдүүлнэ. Дээр дурдсан 50/30/20-ийн дүрмээр бол орлогын тань нийт зардлын 50% нь үүнд зарцуулагдана гэж тооцъё.

2. Хүсэл сонирхол

Энэ хэсэгт шоппинг хийх буюу хааяа дэлгүүр хэсэж дуртай зүйлсээ авах, гадуур хооллох, өөрийн хобби зэргийг оруулж болох юм. Үүнд орлогынхоо 30%-г зарцуулдаг гэж бодъё. Үндсэндээ, энэ нь таныг амьдрахад нэн шаардлагатай хүнс, орон байртай адил зардал бол биш юм.

3. Хуримтлал болон зээл төлөлт

Харин энд таны урт хугацааны тэтгэврийн сангийн хуримтлал, богино хугацааны хуримтлал, онцгой нөхцөл байдалд зориулсан хуримтлал, кредит картны зээл төлөх болон бусад зардлуудыг оруулж болно. Өрх гэрийн эдийн засгаа эрсдлээс хамгаалахын тулд та үндсэн хэрэглээгээ танах нь амаргүй шүү дээ. Тиймээс, хүсэл сонирхлын зардлаа багасгаж, хуримтлалдаа илүү орлого төвлөрүүлэх нь үр дүнтэй. Сахилга бат сайтай хүмүүс ихэвчлэн санхүүгийн зорилго тавьсан байдаг. Жишээ нь, онцгой үеийн хуримтлалдаа нийт 6-12 сарын цалингийн орлоготой дүйцэхүйц хуримтлал бүрдүүлнэ гэх зэргээр нарийн төлөвлөдөг. Энэ нь гэнэт ажил орлогогүй болоход дараагийн орлого, цалинтай золготол таныг болон гэр бүлийг тань эрсдлээс хамгаалж байгаа юм. Мэдээж хэрэг төрөл бүрийн даатгалын хэрэгслүүдийг ашиглаж эрсдлээ хааж болох юм.


-Санхүүгээ зөв удирдахыг хүсдэг хүн бүрийн мэдвэл зохих 5 алхмыг нэрлэ гэвэл та юу юуг нэрлэх вэ?

-Юуны өмнө цэвэр орлогоо тооцож мэддэг бай. Татварын дараах орлого гэсэн үг.

Ихэнх хүмүүс татварын дараа гар дээр авдаг цалингаа цээжээр хэлж мэддэггүй нь сонирхолтой санагддаг. Гэнэтийн орлогоо ч мөн тухайн сарын орлогодоо тооцох хэрэгтэй. 

Хоёрдугаарт, нэг сарын зардлаа зүгээр л тодорхой тэмдэглээд үз. 

Гуравдугаарт, тэрхүү сарын зардлаа ангилаад үз. Өмнө миний хэлсэн ангиллыг ашиглаж болох юм. Та ямар их үрэлгэн, хэрэггүй зүйлсэд зардал гаргадгаа ойлгох болно. 

Орлого, зардлаа тооцоод зардлаа ангилчихлаа. Харин дөрөвдүгээрт, өөртөө санхүүгийн зорилго тавь. Би төдий хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэнэ гэх зэргээр тодорхой тоо гарга. Түрүүн хэлсэнчлэн онцгой үеийн хуримтлалдаа 6-12 сарын цалинтай дүйцэхүйц хуримтлал үүсгэнэ гэдэг ч юм уу. Эцэст нь өөрийн гэсэн дүрэмтэй, санхүүгийн зорилготой болсон бол ямар ч үед түүнийгээ ягштал биелүүлэх гэж хичээн чармай. Хамгийн энгийнээр, үүнийг л санхүүгийн сахилга бат гээд байгаа юм. 

-Санхүүгийн хариуцлагатай байдал бидний амьдралд ямар үр дүн авчрах вэ?

-Корона вируст (COVID-19) цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн нилээд таагүй үед бид амьдарч байгааг бүгд мэдэж байгаа. Саяхан, 5 сард Дэлхийн Банк болон Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн судалгаа хийсэн байна лээ. Судалгаагаар, 10 өрх тутмын 1 нь тэг орлоготой болж, 10 өрх тутмын 7 нь орлого буурсан гэж хариулсан бол, нийт өрхийн 40% нь ирэх сарын санхүүгийн байдалдаа санаа зовж байна гэж хариулжээ.

Бодоод үзье. Хэрэв та санхүүгийн сахилга баттай орлого хэвийн байх үедээ, эрсдэлтэй үед зориулаад 6-12 сарын цалинтай дүйцэхүйц хуримтлал үүсгэсэн байсан бол энэ үеийг та болон танай гэр бүл ажрахгүй даваад гарна шүү дээ. 

Яг ийм л эдийн засгийн уналттай үед өөрийгөө болон өрх гэрээ эрсдлээс хамгаалахын тулд санхүүгийн сахилга батыг баримтлах нь чухал юм. Хэрвээ та ямар нэг санхүүгийн дүрэм баримталдаггүй бол яг одоо орлого, зардлаа бүртгэж, тооцохоос эхлээрэй. Дараагийн ээлжинд, өнөөдрийн хэрэгцээгээ зээлээр хэрхэн санхүүжүүлэх, даатгалын хэрэгслүүдийг хэрхэн ашиглах гэх мэт зүйлийг судлан мэдэж, хамгийн гол нь хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд “Санхүүгийн хариуцлагагүй, сахилга батгүй хүн өөрийн хүссэн зүйлээ хэзээ ч худалдан авч чаддаггүй” гэж үг байдгийг сануулахад илүүдэхгүй бизээ.