Х.Оргил
01 сарын 07, 2018
“Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Болдбаатарын нийтлэлийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
"Дээл дэлхийн гоёл болой." хэмээн би нэгэнтээ бахдан бичиж байсан. Бүр манай эриний өмнө Хятадын "Жао хэмээх ханлиг анх Хүннү нараас дээл бүс хэрэглэх, морь унах, нум сум харвах соёлыг дотор газар нутагшуулсан." хэмээн Сы Ма Цяньгийн алдарт "Түүхэн тэмдэглэл" зохиолд бичиглэн үлдээсэн нь буй.
Монгол соёлыг илтгэх маш чухал эд өлгийн зүйлс нь мөнгөн эдлэл хэрэглэл болой. Манжийн ноёрхлын үед үндэсний шилдэг сэхээтнүүдэд хатуухан юм амсуулаад чадхийлгэчих магадлал маш их өндөр байсан учраас түүнээс сэргийлэхийн тулд мөнгөн аяга, савх түлхүү хэрэглэж эхлэсэн байх гэж би хувьдаа боддог. Учир нь мөнгөн эдлэл хоолонд ямар нэгэн хор хольсон тохиолдолд өнгө нь хувирч мэдэгддэг байсан ажээ.
Мөнгөн аяга савх дулаан дамжуулах чадвар маш сайтай тул хэт халуун хоол ундыг хэр тааруухан бүлээсгэж байгаад идэх боломжийг эзэндээ олгодог байсан нь ходоод гэдсийг эрүүл байлгахад чухал.

Хоол ундаа идэж дууссаны дараа монголчууд аягаа долоож цэвэрлэдэг байсан нь өдгөөгийн өндөрлөгөөс харахад ариун цэврийн хувьд бохир заваан мэт санагдаж мэдэх боловч үр дүнгийн тал дээр амны хөндий болон хоолойны өвчингөөс сэргийлэх чухал үүрэгтэй байсан хэмээн хөгшчүүлийн ярьдаг нь оргүй ч үг биш байх аа.
Цагтаа дэлхийн улс төрийн бодлогод жинтэй байр суурь эзлэдэг байсан энэхүү эрхэм хатагтайн өмнө байгаа жинхэнэ монгол хийцийн мөнгөн аягыг хараад энэ бичлэгийг тэрлэх сэдэл өөрийн эрхгүй төрлөө.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.