Намайг улс төрийн зорилгоор ашигласан гэж Америкийн рэпер Канье Уэст “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр одооноос улс төрөөс холдох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

“Нүд минь нээгдэж, миний итгэж үнэмшдэггүй үзэл санааг дэлгэрүүлэх зорилгоор намайг ашигласан гэдгийг би ойлгосон: Цаашид улс төрөөс хол байж, уран бүтээлдээ бүрэн төвлөрөх болно” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.  

К.Уэстийг Д.Трампын идэвхтэй дэмжигч гэдгийг олон хүн мэддэг бөгөөд тэрбээр ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа биечлэн уулзаж байсан юм. Тухайлбал, хамгийн сүүлд тэд энэ сарын 11-нд уулзсан. Түүнчлэн тэрбээр тоглолтуудынхаа үеэр Д.Трампыг дэмждэгээ илэрхийлдэг байсан юм .

Канье Уэст бол Америкийн хип хоп дуучин, рэпер, ая зохиогч, загвар зохион бүтээгч юм. Тэрбээр дуучин Jay-Z, Ludacris, Талиб Квели, Алиша Киз нарын адилаар 1990-2000 онуудад жинхэнэ хит болж байсан дуунууд гарахад жинтэй хувь нэмрээ оруулсан нэгэн юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости