Орон сууцыг сайхан тохижуулах гол хоёр нууц бол гэрэл, төлөвлөлт хоёр юм. Энэхүү орон сууцыг анх авахад хагас хананы цаана нуусан гал тогоотой зэлүүд нэг өрөө байр л байжээ. Харин эзэн нь Сан-Паулу дахь Vão хэмээх компанийн архитекторуудтай хамтран ажилласнаар цэвэр цэмцгэр болгож чаджээ. 

Засварын ажлын томоохон хэсэг нь гал тогооны өрөөг нүүлгэж том өрөөтэй нэгтгэх байсан. Ингэснээр унтлагын өрөө гэж болохоор зай гарсан бөгөөд тааз нь ханандаа тулаагүй байсан тул агуулах хэсэг болгож, төмөр шат тавьжээ. 

Хар төмрөн хэмгүүд тод цагаан хананы цэлгэр зайтай эсрэгцэж, номын тавиур, доогуурх чөлөөт хэсэг зочны өрөөний уур амьсгал оруулсан. Хагас өндөртэй цагаан тоосгон хана болон модон дам нурууг гоёлын зориулалтаар хийжээ. 

Гал тогооны хэсэгт мод, бетонон шүүгээ, их томгүй хэмжээтэй зуух болон хөргөгчийг багтаасан. Тавиур дээр цай, кофе, амтлагч, тэргүүтэй гарын дор байх хэрэгтэй зүйлсийг багтаажээ. Дээд хэсгийн цагаан шүүгээ том ч гэсэн цэлийсэн харагдахгүй, ханатайгаа уусаж цэвэрхэн харагдана. 


Унтлагын өрөөний нэг захад байрлуулсан нууц агуулахад маш их зүйл багтана. Хэд хэдэн төрлийн хаалгатай, хаалгагүй ганц хэсэг нь гоёлын зориулалттай. Үндсэндээ бол харанхуй өрөө боловч гаднаасаа огтхон ч тэгж харагдахгүй.