Онолбаатарын Анужин
10 сарын 22, 2026
Байгалийн ургамлын тухай хуульд 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын зүйлийн жагсаалтыг шинэчлэх төслийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Жагсаалтын шинэчилсэн төслийг 2012, 2019, 2020, 2021, 2023 онуудад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар хийсэн олон улсын Улаан дансны ангилал, шалгуурын дагуу гүйцэтгэсэн үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулсан. Энэхүү шинэчлэл нь 1995 оноос хойш нэн ховор, ховор зүйлийн жагсаалтад хийж буй анхны томоохон шинэчлэл юм.

Хэлэлцүүлгийн үеэр гуурст ургамал, мөөг, хаг, замаг, хөвдийн нэн ховор, ховор зүйлийн жагсаалтын төслүүдийг танилцуулж, зүйл тус бүрийн хамгааллын зэрэглэл, тархац, нөөцийн талаарх мэдээллийг нягтлан хэлэлцэв.
Мөн үнэлгээний үр дүнг баталгаажуулах, шаардлагатай мэдээллийг тодруулах, жагсаалтын төслийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.
Урьдчилсан байдлаар шинэчилсэн жагсаалтын төсөлд 327 зүйлийг нэн ховор, 580 зүйлийг ховор ангилалд хамруулахаар тусгаад байна. Нэн ховор, ховор зүйлийн жагсаалтыг шинэчлэх нь биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордлын эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, байгалийн ургамлын хамгаалал, зохистой ашиглалтын бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.