Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоож эхэлжээ.

Нөхцөл байдлыг үнэлэх эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдсан аж. Уг ажлын хүрээнд засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймаг нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан. 

Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. 

Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16  давхар байшинтай тэнцэх юм. 

Иймд аврагчдын техник хэрэглэлийг судалж, ОХУ-аас туршлага солилцох зэрэг бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй ажлын хэсэг санал нэгдэв. 

Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан авах ажиллагааг зохион байгуулахаар болжээ.