Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр: 

"Монгол Улсад хамгийн үнэт зүйл хүний эрх, эрх чөлөө. Иргэний эрх чөлөөг зөрчдөг, түүний хажуугаар дуугүй өнгөрдөг төр засаг, эрх баригч нартай байж таарахгүй. Өмнө нь хоёр ялтан нэгнийгээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж, тухайн үеийн хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын сайд халаглаад сууж байсан. 

Гэтэл өөрийг нь хууль зүйн сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн албан хаагчдыг мэдээгүй өнгөрсөн байж таарч байна.

Хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хоёр иргэнийг миний удирдлага дор байсан цагдаа ямар аймшигтай зодсон юм гэж харамсаад сууж байгаа гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог, доод түвшиндээ хариуцлага тооцсон болоод өнгөрдөг.

Иргэдийн эсрэг дайсагнадаг, хүчирхийллийг үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан хууль зүйн сайдаар Засгийн газрын гал тогоог бариулж буй Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 

Засгийн газрын тэргүүн, хууль зүйн сайд гэмт хэрэг яриад явах биш цагдаагаа иргэнлэг болгох, цагдаа нь иргэнийхээ талд зогсож чаддаг байх талаар ямар бодлого гаргасан бэ. Засгийн газар хуруугаа хөдөлгөсөнгүй, ажил хийсэнгүй.

Монгол Улс иргэнээ үзэн яддаг, дайсан гэж хардаг цагдаатай болжээ. Цагдааг, хууль сахиулагчийг бэлтгэдэг бодлого үгүйлэгдэж байна. 

Энэ зүйлийг өөгшүүлээд байсан хүмүүс Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Ц.Нямдорж сайд ёсзүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. Хоёрдугаарт энэ байдлыг мэдээгүй байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг засаглуулдаг улс болно гэсэн. Та хуулийн болон хүний эрхийн дээгүүр алхсан хэнтэй ч хариуцлага тооцдог байж чадна гэсэн. Засгийн газрын сайд нартай хариуцлагын асуудлыг яриачээ.

Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг монгол хүн гэсэн. Гэтэл үнэтэй баялгийг чинь эвдэж, нухчин дарах гэж байна. Та хэлсэн үгэндээ эзэн болох ёстой" гэв.