Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Туулын хар түнэ” археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор 1000-аас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэлжээ.