Зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр боллоо.

Монгол Улсын  хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг. 

Гэсэн ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. 

Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм.  

Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. 

Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.

“Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэрдундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүйзалуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.

Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг.