Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Энэхүү төсөлд оролцож, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шалгарсан компаниудад өнөөдөр батламж гардууллаа.

Батламж гардуулах ёслолд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон бусад албаныхан оролцлоо.  

Мөн үеэр Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахад иргэдийн оролцоо амин сүнс нь болж байдаг. 

Удаах асуудал нь дэд бүтэц, хөрөнгө, санхүүгийн чадавх юм” гэдгийг онцлоод, нийслэлийн зүгээс хувийн аж ахуйн нэгжүүдээ бодлогын түвшинд дэмжиж,  хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  


Төсөлд шалгарч, батламж гардсан аж ахуйн нэгжүүдийн төсөл хэрэгжсэнээр таван байршилд 209.8 га талбайд тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль ашиглалтад орохоор төлөвлөж байгаа юм.

Тодруулбал, төсөлд шалгарсан “Төгс шийдэл хийц” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх  Ханийн материал орчимд орон сууц барих бол  “Андын зам констракшн” ХХК  Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд гэр хорооллыг  барилгажуулахаар шалгарсан юм.  

Түүнчлэн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК, “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ууд орон сууцны барилга барина.  

Харин “Ай энд жи интернэшнл” ХХК Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр хороолол орчимд гэр хорооллыг барилгажуулахаар төсөлд шалгараад байгаа юм.  


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР