Файзер вакцины гурван удаагийн тун омикрон хувилбараас ихээхэн хамгаалдаг талаар Израилийн судлаачид бямба гарагт мэдэгдлээ.

Израилийн "Шеба" анагаах ухааны төв, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Вирус судлалын төв лаборатори хамтран хийсэн уг судалгаагаар 5-6 сарын өмнө хоёр тун вакцин хийлгэсэн 20 хүний цусыг, сарын өмнө вакцин хийлгэсэн хүмүүсийн цустай харьцуулсан аж.

Судалгааны багийнхны хэлснээр тэд вирустай ажиллахдаа "псевдовирус" гэгдэх био-инженерийн аргаар омикроны мутацитай вирусыг ашигласан гэнэ. Тэд энэхүү судалгааны үр дүн өмнөх долоо хоногт BioNTech -ийн танилцуулсан судалгаатай ижил "Шинэ хувилбараас баттай хамгаалах арга нь нэмэлт тун" гэсэн үр дүн гарсныг онцолжээ. 

Шеба дахь Халдварт өвчний тасгийн захирал Гили Регев-Йочай илтгэлдээ: 

"5-6 сарын өмнө хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийн цус дельта хувилбарыг саармагжуулж байсан бол омикрон хувилбарыг саармагжуулах чадвар нь маш муу үзүүлэлтэй гарсан. Харин нэмэлт тун хийлгэсэн хүмүүсийн дархлаа уг хувилбарыг эсэргүүцэх чадвар 100 дахин нэмэгдсэн" гэсэн байна.