"E-Mongolia" төслийн хүрээнд 2021 онд ямар ажил хийгдсэн талаар мэдээлэл өглөө. 

Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Бид 600 үйлчилгээтэйгээр 2021 оныг үдэж байна. Энэ жил жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, иргэний үнэмлэх дахин авах, гадаад паспорт дахин авах, шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа авах зэрэг үйлчилгээг түгээмэл авчээ. Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн компани, төрийн бус байгууллагыг "E-Mongolia"-аар байгуулах боломжтой болсон. 

Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгууллага шинээр байгуулагдсан байна. Цэргийн бүртгэл хийх үйлчилгээ мөн энэ жил орсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтүүдийг мөн авдаг болсон.  Өнгөрөгч онд "E-Mongolia" 6.5 сая үйлчилгээг үзүүлээд байна. Эдгээр үйлчилгээний 56 хувь нь Улаанбаатар хотоос, 44 хувь нь орон нутгаас тус үйлчилгээг авсан байна. Лавлагаа тодорхойлолт авахад дунджаар 2 минут зарцуулж байна. 

"e-Mongolia" платформын тусламжтайгаар маш их цаг хэмнэж байна. Жишээ нь компани байгуулах үйлчилгээнд өмнө нь иргэд ажлын таван өдрийг зарцуулдаг байсан бол одоо хэдхэн минут зарцуулж байна. 

Хөдлөнгийн судлаачид энэ жил 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн гэж дүгнэжээ. 

2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэмнэ гэж төлөвлөлөө. Энэ 1000 гаруй үйлчигээний жагсаалт иргэдээс ирсэн саналд үндэслэсэн. Үйлчилгээний байгууллагууд цахимаар бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байгаа.

Дараа онд гадаадад суугаа монгол иргэд, монголд суугаа гадаад иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод хотын зах хөдөө орон нутгийн алслагдсан газар ажилладаг иргэдэд үйлчилгээгээ үзүүлэхээр төлөвлөөд хөгжүүлэлт хийж байна.

Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг нэмж оруулахаар төлөвлөж байна. Одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм. Мөн шуудангийн үйлчилгээг илүү сайжруулахыг зорьж байна. 

Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Энэ хуулиуд батлагдсанаар бид цахим шилжилтэд илүү хурдан, амжилттай шилжих боломж бий болж байна" гэлээ.