Та бага насны хүүхэдтэй юу. Тэгвэл тэднийгээ Omicron COVID-19 хувилбараас хамгаалахын тулд заавал мэдэх ёстой мэдээллийг хүргэж байна.

Омикрон хувилбарын хурдтай тархалт олон орны судлаачдын санааг чилээж байна. Учир нь шинэ хувилбар нь COVID-19 вирусийн анхны болон Дельта хувилбараас илүү халдвартай болох нь тогтоогдсон. 

Түүнчлэн уушгинд нөлөөлж, өвчлөлийг хүндрүүлэх магадлал нь их байгаа юм. Энэтхэгийн эмийн үйлдвэрийн “Gennova Biopharmaceuticals” компани омикрон хувилбараас хамгаалах тусгай вакцин бүтээж байгаа бөгөөд 1-2 сарын дараа хэрэглэхэд бэлэн болно гэж “Reuters” агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.

Нэг гэр бүлээс нэг нь омикроноор өвдөхөд бусад гишүүд халдварлах нь өмнөх хувилбаруудаас илүү байгааг ЭМЯ-аас анхааруулсаар байгаа юм.

Гадаад дотоодын судлаачдын байр суурийг хүргэж байна.

АНУ-ын судлаач Ражеев Фернандо:


"Коронавирусийн өмнөх хувилбаруудад нялх хүүхэд, хүүхдүүдийн өвчлөл харьцангуй хөнгөн байдаг ч омикрон хувилбар тархснаар хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь нэмэгдсэн. Вирусын халдварын хүндрэл нь тэдэнд хүндээр тусаж байна" гэжээ. 

Одоогоор АНУ-аас бусад улс 15-аас доош насны хүүхдэд вакцин хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.  Тиймээс  Австрали, Энэтхэг, Герман тэргүүтэй улс орнуудад бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийг хорио цээрийн дэглэм сахиж, боломжтой бол өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөөд байна. 

Манай улсын хувьд өчигдөр  ХӨСҮТ омикроны халдварын тархалтыг хумихын тулд цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, ЕБС-ийн хичээл эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, эсвэл цахимаар хичээллүүлэх санал гаргаад байгаа юм. 

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан:


"Омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан 7548 өвчтөн хотын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгиний хатгалгаатай хавсарсан" гэв.

Омикрон хувилбар дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа  ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настан, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, доктор, дэд профессор Ц.ТӨМӨР-ОЧИР:

Ойролцоогоор эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэг илэрч байна. Дэлхийн улс орнуудын мэдээлж байгаагаар хүний амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж голчлон илэрч байна. Тодруулбал, ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бол бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй. Тэр дундаа 1-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай.