Генийн хувьд хувиргасан гахайн бөөрийг анх удаа хүнд амжилттай шилжүүлэн суулгалаа

Америкийн эмч нар генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн биед ургуулсан бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ. Энэ нь эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт томоохон дэвшил авчирсан хэрэг болж байна. 

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн анхны оролдлого 1933 онд хийгдэж байсан. Харин амьтнаас хүнд бөөр амжилттай шилжүүлэн суулгасан мэс засал түүхэнд анх удаа хийгдлээ.

Уг мэс заслыг тархины үхэлжилттэй, бөөрний үйл ажиллагаа доголдолтой гэж оношлогдсон өвчтөнд хийсэн байна.

Мэс заслыг Нью-Йоркийн Их Сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвд хийжээ. Энэхүү туршилт нь бөөрний дутагдлын сүүлчийн шатандаа орсон өвчтөнүүдэд мэс засал хийх боломжийг олгоно гэж Лангон эрүүл мэндийн төвийн эмч Роберт Монтгомери онцолжээ

Бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбараас гурав хоногийн дараа ч бөөр судаснаас цус дамжуулан, хэвийн ажиллаж байжээ. 

АНУ-д одоогоор 100 мянга гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэхээр ээлжээ хүлээж байна. Үүний дотор 90 мянга гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж байгаа бөгөөд донор дутагдалтай байдаг тул гурваас таван жил хүртэл хүлээхэд хүрдэг байжээ.

Судлаачид амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах боломжийн талаар хэдэн арван жилийн турш судалсан ч хүний бие амьтны эрхтэнийг шууд эсэргүүцэхээс хэрхэн сэргийлэх тал дээр шийдэл олоогүй өдийг хүрчээ.

Генетикийн хувьд өөрчлөгдсөн гахайг “GalSafe” гэж нэрлэсэн байна. Бусад судлаачид GalSafe гахайнаас зүрхний хавхлага, арьс шилжүүлэн суулгах зэрэг хүний биед шилжүүлэн суулгаж болох боломжит бүх эх үүсвэрийг судалж байна.



Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.