Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төсөл байв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн дунд соёл, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн сайн сайханд уриалсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, хамгийн олон хүнийг хамруулан, хорооныхоо иргэдийн оролцоог хангасан хүнийг Соёлын элчээр ажиллуулахаар сонгон шалгаруулж, урамшуулах асуудал яригдана. Шинийг санаачлагч, манлайлагч хүнийг сонгох ёстой. Олон нийтийн дунд дахин санал асуулга явуулах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээ мэдээллийг түгээж, олон хүмүүсийн оролцоог хангаж ажилла. Нийслэл хотын хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуул. Журмын төсөлд бүх зүйл тодорхой, дэс дараатай тусгагдсан байх ёстой” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, дараагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.