Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ.

Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа.

Танилцуулгын эхэнд хот суурингийн ногоон байгууламжийн тухай хууль нэн шаардлагатай байгааг хэлээд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн түвшинд хүрч ажиллахыг зорьж буй гэлээ.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд 2030 он хүртэл 3780 гаруй га талбайг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн сүлжээ бий болгохоор тусгасан байдаг ажээ. 

Энэ хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2016-2017 онд 2.4-3.2 метр квадрат болгосон бол 2020 гэхэд 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн шинээр 17 200 га талбайг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлчүүдийн хувьд харшлын асуудал хүндрэлтэй байдаг учраас шарилж устгах ажлыг эрчимжүүлэх юм.

Мод бутыг машинаар дайрч сүйтгэдэг асуудлыг анхаарч, эргэн төлөх үнэлгээг нь тогтоохдоо модны үнэнээс гадна үйл ажиллагааны зардлыг тусгаж, хариуцлагагүй жолооч нараар төлүүлэхээр тогтжээ.

Мөн зүлэг, цэцэг тарих боломжгүй явган хүний зам, талбай зэргүүдэд торхтой мод, цэцгүүдийг байршуулахаар болжээ.