СХД-ийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хуваана

Б.Баясгалан
05 сарын 21, 2019

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдлаа.

Тус хуралдаанаар “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, Зөвлөлийн гишүүдийн олонх уг асуудлыг дэмжиж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлахаар болсон юм. 

Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны үеэр онцолж хэлэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.