"2021 онд бүх аймгийн төв Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно"

Б.Баясгалан
12 сарын 04, 2020

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зам тээврийн салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийх товтой.

Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар хийлээ.


Тус мэдээллээс авто замын бүтээн байгуулалтын талаарх онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хату хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэл 75.4 хувьтай байна. Тус автозамыг 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хату хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

- Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1.902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 м/у төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.

- Олон улсын авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад  оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

- Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км, Тавантолгой- Манлай- Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км тусгай зориулалтын авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, концессын "зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх" гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.

- Сүүлийн жилүүдэд авто замын салбарт зам барилгын ажил богино хугацаанд хурдтай хийгдэж, авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж байгаа боловч авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, засвар арчлалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай байна.

- Авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажлын зардлын хэмжээг суурь нормын дагуу тооцож үзэхэд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад урсгал засвар, арчлалтад жилд 113.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Цаашид хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

- Нийт хатуу хучилттай авто замын сүлжээний 55 хувь нь нормативт хугацаагаар ээлжит болон их засвар зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд ээлжит засварын шаардлагатай хөрөнгө оруулалт жил бүр хангалттай хэмжээнд төлөвлөгддөггүйгээс дараагийн шатны буюу өртөг их шаарддаг их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлага бий болж байгааг анхаарах шаардлагатай байна.




Холбоотой сэдвүүд

автозам у.хүрэлсүх уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.