Нийслэлийн нийтийн тээврийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобусаа онлайн сүлжээнд холбож, камержуулжээ.

Холбогдох албаны удирдлагууд өчигдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т очиж, ажлын байдалтай танилцлаа.

Энэ үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа "Улаанбаатар хотын зүгээс  нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжиж ажиллахад бэлэн. Энэ ажлын эхлэл болж "Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобусаа камержуулсан байна. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго" гэдгийг хэллээ.

Харин "Улаанбаатар смарт карт” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-эрдэнэ: “Улаанбаатар Смарт карт ХХК”-ийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснын хяналтын камерыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ энэ ажлыг санаачилж, бид хамтран ажиллалаа. Том оврын автобусанд дөрвөн камер, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна. Камерын хувьд стандартын шаардлага хангасан камерууд байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимтэй хийж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахын төлөө бусад компаниудтай ч гэсэн хамтран ажиллах болно" хэмээв.

Мөн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобусаа онлайнд холбож, бүрэн хяналт тавих боломжтой боллоо. Компаний гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобус камерын хяналтанд орсон. 

"Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тусламж, дэмжлэгтэйгээр энэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна" гэдгийг онцлон хэллээ.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс