Өчигдөр буюу Нийслэлийн захиргааны байгууллагын удирдлагууд НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд архидан согтуурч, зодолдсон тухай мэдээлэл гарсан. 

Энэ талаар өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар хэвлэлийн бага хурал хийж, гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараасан хүнийг олж тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандаж буйгаа хэллээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба:

Өчигдрөөс хотын удирдлага, тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд хэсэг бүлэг хүн согтуурч, танхайрсан гэдэг мэдээлэл түглээ. Тус хэрэг болсон гэх өдөр хурлын даргын өрөөнд олныг хамарсан уулзалт болоогүй гэдгийг хурлын Нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье. Бусдын нэр хүндийг гутаан, доромжилж зориудаар хуурамч мэдээлэл түгээсэн хүмүүсийг олуулахаар бид хуулийн байгууллагад хандсан. Олж тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно

12 дугаар сарын 12-ны өдөр НИТХ-ын даргын өрөөнд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэж, зодоон болоогүй. Тус мэдээлэл худал ташаа болохыг НИТХ-ын нарийн бичгийн хувьд миний бие албан ёсоор мэдэгдэж байна. Хангарди ордон нь төрийн тусгай хамгаалалттай объект учраас согтууруулах ундаа оруулахыг хориглодог. Иймд хуурамч мэдээлэл тарааж, албан тушаалтны нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцно” гэлээ.

НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр:

Цахим хэвлэлээр явж байгаа мэдээлэл худал. Намайг зодуулж, хүнд бэртсэн гэсэн байна лээ. Миний бие өдгөө ямар нэгэн бэртэлгүй, эрүүл, албан үүргээ гүйцэтгэж явна.