ХБНГУ-ын Christian Social Union намын Бавари муж дахь Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга бөгөөд мужийн хэмжээний төлөөлөгч Н.Солонготой улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш ба тэгш бус байдлын талаар ярилцлаа. Тэрбээр энэхүү албан тушаалд намаасаа гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 


-Монгол залуу эмэгтэй Германы улс төрд тодорч, мужийн хэмжээний төлөөлөгч хийнэ гэдэг хэр шалгуур юм бэ?

-Мэдээж маш өндөр шалгуур. Би багын л хүнд хэцүү гэлгүй эхэлсэн, ажлаа дуусгадаг, өөрийгөө сорьдог хүүхэд байлаа. Найман наснаасаа өнөөдрийг хүртэл герман хэлийг сурч судалсаар л явна. Аав минь Дагвын Нацагдорж анх охиноо Герман Монгол улсыг холбосон төрийн хүн болгоно хэмээн мөрөөдөж герман хэл сурах боломжийг бүрдүүлж байсан юм. Харамсалтай нь харж чадаагүй л дээ. Харин Германд суурьшиж эхлээд бусдын л адил олон ажил хийсэн. Нүүр ам, эрүү нүүрний гажиг засах чиглэлээр сурч ажиллаж байсан. Тэр үед намайг өсгөсөн нагац ах нас барж их зүйлийг бодож эхэлсэн. Анхандаа улс төрийг огт сонирхоогүй ээ. Харин томоохон соёлын өдөрлөг, үйл ажиллагаанд Монгол орноо зөв сайхнаар таниулах, хүүхдүүдэд залуучуудад туслах, үнэн зөв мэдээлэл өгөх илтгэлийг 2008 оноос тавьж эхэлсэн. 

Ингэж явахдаа намынхаа хараанд өртсөн юм. Тэр үед хотын даргын сонгууль болох гэж байв. 1945 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа, Бавари муждаа хамгийн хүчирхэг болох Christian Social Union намд гишүүнээр элсэхийн сацуу, хотын даргын сонгуульд туслах саналыг надад тавьсан. Олонтойгоо бүтээж урагшлах дуртайн хувьд энэ саналыг дуртайяа хүлээн авсан. Германы улс төрийн намд би ганцаараа байдаггүй. Манай намд гурван Монгол хүн бий. 


-Та одоо хашиж буй албан тушаалдаа ямар албан үүрэгтэйгээ сонирхуулахгүй юу. Монголын улс төрчдийн төлөөлөгчөөс хэр ялгаатай бол?

-Германд байдаг иргэдийн төлөөлөгч Монголынхоос ажил үүргийн хувьд өөр байдаг шүү. Монголын иргэдийн төлөөлөгчид тодорхой төсөвтэй, цалинждаг бол энд хөлс авдаггүй. Харин парламентын буюу мужийн гишүүн болж байж цалинтай золгодог. Хууль санаачлах үйл явцад харин оролцдог. Би намынхаа залуучуудын холбоонд орон нутагт сонгогдоод ажиллаж байхдаа залуучуудын эрх ашгийг хамгаалсан цөөнгүй ажлыг санаачлан гүйцэтгэсэн.

Энэ бүхнийг ил тод цахимаас унших боломжтой. Одоо намын Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд даргын албан тушаалтай болохоор цэрэг, зэр зэвсэг, гадаад аюулгүйн бодлого тойрсон асуудлаар нам юу хийх ёстой, энэ хүрээнд дүүргийнхээ хэмжээнд хэрхэх талын санал, санаачлагыг боловсруулдаг. Тухайлбал, манай хамт олон хамгийн сүүлд дайны үед ачаа, хүнс тээвэрлэдэг том онгоцтой болох саналыг дэвшүүлж, төсөвт суулгуулсан.

Бид улирал бүр хуралдан дүүргийнхээ асуудлыг шийддэг. Цаашлаад мужийн хэмжээний нэгдсэн хуралд оролцоно. Нэг зүйл нэмж хэлэхэд, Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөл гэхээр үндэсний аюулгүй байдлаас огт өөр, тусдаа ойлголт шүү дээ. 

Ялгааг нь сайн хэлэхгүй бол намайг Монголынх шиг Улсын Их хурлын хэмжээнд аваачаад л үндэсний хэмжээнд ажилладаг гэж эндүүрч магадгүй юм. 

Мөн би ажлынхаа хажуугаар Монголын залуучуудын холбооны Европ дахь салбарыг байгуулж, тэнд сурч, ажиллаж буй 100 гаруй залуусыг нэгтгэн, эх орон руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулж, боловсролыг нь дэмжихэд анхаарал хандуулаад явж байна. 

Энэ хүрээнд жил бүр Монгол улсын Засгийн газартай хамтран, Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” нэртэй урт хугацааны Бавари муж, Монгол улсыг холбосон эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсаар ирлээ. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд манай хурал Мюнхен хотноо болно. Хуралд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Герман Монголын элчин сайдууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд болон Европын Парламентын гишүүн гэх мэт хоёр улсын улс төрчид залуучуудын боловсролд томоохон хэмжээний ач холбогдол өгч хүрэлцэн ирэх гэж байна. Шалгарсан судалгааны ажил Монгол улсад хэрэгжих юм.


ЭРЭГТЭЙ, БАС ГЕРМАН ХҮН БАЙСАН БОЛ МИНИЙ КАРЬЕР ХУРДАЦТАЙ ӨСӨХ БАЙСАН

-Германы улс төрд хэчнээн жил болчихов оо?

-Ямар гоё асуулт вэ. Баярлалаа. Найман жил болчихсон байна. 


-Анх ази эмэгтэй хэмээн гадуурхагдах явдал гарч байсан уу?

-Тийм ээ. Анхандаа шантрах, халшрах, ойлгомжгүй зүйл их байв. Эргэн тойронд бассан, үл хүндэтгэсэн тохиолдол багагүй гарна. Насны хувьд ийм залуухан, энд юу хийх гэж байгаа юм гэсэн хандлагатай байсан. Заримдаа буруу хараад уйлах үе тохиолдоно. Гэсэн ч Монгол хүн гэдэг хэн билээ, бууж өгч болохгүй гэж өөртөө хэлж байв.

Харин одоо бол хийж бүтээсэн ажлаараа хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Би хэдийгээр энд гадаадын улс төрд зүтгэж байгаа ч миний алхах гишгэх мөр бүр минь Монгол гэх зургаан үсгэнд агуулагдана. Би эх орондоо хайртай. Надад алдах эрх байхгүй. 


-Танай намд эрэгтэй, эмэгтэй хүний хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

-Ер нь л бага шүү. Улс төр бол эрчүүдийн ажил гэдэг бичигдээгүй хууль байдаг даа. Энэ хэвшмэл ойлголтын үрээр миний бие монголчууддаа ч, Германд ч их бага хэмжээгээр адлуулах нь бий

Хэрэв энд эрэгтэй, бас герман хүн байсан бол миний карьер илүү өсөх байсан юм бил үү гэж боддог. Жишээ нь, намын дүүргийн даргын сонгуульд намайг цэрэгт яваагүй, цэргийн туршлагагүй, эмэгтэй гэдгээр дэвшүүлээгүй. Дүүргийн хэмжээнд гэхэд ийм л байна.


-Энэ хугацаанд эмэгтэй гэдгээсээ болоод улс төрд ямар бэрхшээл туулж, ямар боломжоо алдсан бэ. Хэрэв эрэгтэй байсан бол өдийд байр суурийн хувьд хэр ахих байсан бол?

-Би эрэгтэй байсан бол дээгүүр албан тушаал дээр оччихсон байж магадгүй юм. Ер нь эмэгтэйгээс гадна гадаад хүн гэдгээрээ боломжуудаа бишгүйдээ алдсан. Намын хэмжээнд их бага гэлтгүй тодорхой хэмжээний албан тушаалд өрсөлдөх бүрт янз бүрийн зүйл болно.

Жендерээс гадна, нас бас их чухал. Гэвч энэ бүхэнд гомдож, гутраагүй. Боломжийн байр суурьтайгаар дээшилж, суралцаж явна.

Улс төрийн карьерын хувьд өгсөх процесс Монголтой харьцуулахад жаахан удаан л даа. Сонирхуулахад, Германд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, 50 гаруй насандаа хүмүүс ихэвчлэн улс төрд ордог.


-Дарга удирдлагууд нь эрэгтэй, эмэгтэй ажилтнуудтай хэр ялгаатай харилцдаг бол. Ялгаа мэдэрч байв уу?

-Мэдрэлгүй яах вэ. Хүйсээс гадна, өөр зүйлс бий. Эрх мэдэлтэй нөхөртэй, намд хэн нэгний ивээл дор дээшилдэг эмэгтэйчүүд ч бас байдаг. 


СҮҮЛИЙН ҮЕД ЭНД УЛС ТӨР ДЭХ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ОРОЛЦООГ 50:50 ХАРЬЦААТАЙ БАЙХЫГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН


-Герман улсын эртний уламжлал болоод гэр бүл, улс төр дэх эмэгтэй хүний эзлэх байр суурь ямар байсан, одоо хэр өөрчлөгдсөн бол? 

-Германчууд үүсэл гарлаасаа эмэгтэйчүүд нь хүүхдээ өсгөж, ар гэрээ даадаг бол эрэгтэйчүүд нь ажил хийж, амьдрал ахуйгаа залгуулдаг уламжлалтай. Нэгэн сонирхолтой зүйл хэлэхэд 1960 он хүртэл эхнэр хүн нөхрөөсөө ажилд орох эсэхээ асууж, зөвшөөрөл авдаг байсан гэвэл та итгэх үү? Итгэмээргүй байгаа биз дээ? 

Энд гэрийн эзэгтэйн ажлыг яг л өдөр тутмын хөдөлмөр шиг авч үздэг. Одоо хүртэл энэ уламжлал байсаар л байгаа. Гэсэн ч гэр бүлүүдийг нь ажиглаад байхад эрэгтэй хүн тоос соруулахгүй, хог асгахгүй гэж муйхарлалгүйгээр гэрийн ажилд тэгш оролцоотой явдаг. 

Харин сүүлийн үед улс төр дэх эрэгтэй, эмэгтэй хүний оролцоог 50:50 харьцаатай байхыг чухалчилдаг болсон. Гэвч бодит байдалд биеллээ бүрэн олохгүй байгаа мэт санагддаг. Нэг зураг үзүүлье л дээ. Саяхан болсон Мюнхений Аюулгүй байдлын хурал дээр л гэхэд эрчүүд нь бөөндөө хуралдах зуур эмэгтэйчүүд нь номын санд өглөөний цай ууж байх жишээтэй.

 Гэхдээ Монголын улс төртэй харьцуулахад эмэгтэйчүүдийг бололцоогоороо л дэмждэг дээ.


-Германы улс төр дэх эмэгтэйчүүд биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээрээ хэр ялгаварлан гадуурхагддаг бол?

-Энд тийм зүйлд ач холбогдол өгөөд байдаггүй. Өмссөн хувцсаар нь шүүмжлэх зүйл мэр сэр бий. Тэгээд ч улстөрч эмэгтэйчүүд нь хүний анхаарал татахааргүй их даруухан хувцасладаг. Би баян гээд баярхах нэг ч тэрбумтан энд үгүй. Аль болох энгийн байж, ард иргэдтэйгээ адил даавуун тор бариад л дэлгүүр хэсдэг. 

Гэсэн ч хүн л оршин тогтож байгаа юм чинь өмсөж зүүснээр нь ялгаварлах зүйл байж л таарна. Герман гэхээрээ л бүх зүйл төгс байхын нэр биш шүү дээ.


ХИЙСЭН АЖЛААР НЬ Л ХҮНИЙГ ХАРЬЦУУЛНА УУ ГЭХЭЭС ЭР ЭМ ХҮЙСЭЭР НЬ ТЭР БҮР ЯЛГАВАРЛАДАГГҮЙ ЭЭ


-Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийг гутаах, нэр хүндийг нь зохион байгуулалттайгаар унагаах үзэгдлийг юу гэж боддог вэ?

-Хүн ам цөөнтэй болоод ч тэр үү, хэдэн эмэгтэй улстөрчөө арай л дэндүүлдэг юм шиг санагддаг. Эрчүүд байтугай эмэгтэйчүүд нь өөрсдийгөө дэмжихийн оронд хоорондоо хэмлэдэг. Заримдаа Монголын улс төрд ажиллаж байсан бол тэдэн шиг тэвчээр гаргаж чадах байсан уу гэж өөрөөсөө асуудаг. Тэд бол асар хүнд нөхцөлд ажиллаж байгаа.


-Сэтгүүлчдийн хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн үнэлэмжийг бууруулах, эрэгтэйчүүд л төрд байх ёстой гэсэн ойлголтыг бий болгоход ямар нөлөө үзүүлдэг гэж боддог вэ?

-Сэтгүүлчид хэвшмэл ойлголтыг бий болгоход их чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. Герман, Монголын сэтгүүлчдийг харьцуулахад манайхан арай л шүүлтүүргүй, баримтгүй, ёс зүйгүй, сургаар мэдээлэл тараадаг. Мэдээж бүх сэтгүүлчид биш шүү.

Харин Германы сэтгүүлчид тийм аар саархан зүйлээр оролдохгүй дээ. Эргээд их хариуцлага үүрдэг учраас л тэр. 

Эмэгтэйчүүдийн хувьд байр суурь, өөртөө итгэх итгэл, үнэлэмж нь манайхаас өндөр байж магадгүй ээ. Энд хийсэн ажлаар нь л хүнийг харьцуулна уу гэхээс эр эм хүйсээр нь тэр бүр ялгаварлаад байдаггүй. Харин сонирхогчийн түвшинд сошиал дээр хүмүүс элдэв зүйл бичих, гүтгэх, санаатайгаар дайрах гэх мэт зүйлс гарч байсан. 


-Германд эмэгтэйчүүдэд улс төрийн босго хэр өндөр бол. Тухайн салбартаа амжилт гаргахад хэр их тэвчээр, ур чадвар шаарддаг вэ?

-Маш их тэвчээр, цаг хугацаа шаардана. Тийм амархан албан тушаал ахихгүй. Өөрийн хүчээр урагшилж байна. Үүрэгт ажлаасаа гадна монголчуудтайгаа ойр байж, хийж бүтээгээд л явна. Би хэрвээ Монголд энэ эрчээрээ явсан бол бас л эмэгтэйчүүдийн ижил элдвээр цоллуулаад явах ч байсан юм бил үү, хэн мэдлээ. 


-Залуу царайлаг улстөрч эмэгтэй бол ур чадвар гэхээсээ илүүтэй хэн нэгний атаасаар гарч ирсэн мэтээр ярих хандлага Монголд бий...

-Залуу байтугай нас тогтсон улстөрч эмэгтэйг хүртэл өөлж, элдвээр чичлэхийг би үнэндээ ойлгодоггүй. Тийм хандлага энд байхгүй. Хэрэв улс төрчийн ёс зүйгүй үйлдэл гаргавал ямар ч улс төрчийн карьер шууд дуусдаг. Харин Монголын улс төрийн ертөнцөд эмэгтэйчүүдэд маш аюултайгаар халдах тохиолдол гардаг юм билээ.  


БИД ХЭН НЭГЭН ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮНД НЬ БИШ АСУУДАЛ, ШИЙДЭЛ, ГАРЦАД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ

-Таны бодлоор улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, үнэлэмжийг бий болгохын тулд хэрхэх ёстой вэ?

-Олон улс дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгохоос гадна эмэгтэйчүүд өөр хоорондоо нэгдэх хэрэгтэй. 

Улс төр байна уу, хууль байна уу хамаагүй ямар ч салбарын эмэгтэйг хэн нэгэн гутаан доромжилсон бол хамгаалах нь чухал. Хэзээ нэгэн цагт чи юм уу, чиний охин тийм байдалд орохыг үгүйсгэхгүй. 

Бас нийтээрээ эмэгтэй хүнийг 40-50 нас хүрэхээр нь юу юугүй эмээ, аниа хэмээн цоллон нийгмээрээ тусгаарлаж, хүчирхийлэхгүй байх хэрэгтэй. 

Хэтэрхий эрт жагсаалтаас хасаад байх шиг ээ. Жишээ нь, миний бие Монголын эмэгтэй эрдэмтэн судлаачдын байгууллагын ТУЗ-д сонгогдоод ажиллаж байна. Манай байгууллага эмэгтэй судлаачдыг дэмжих зорилготой. Гэтэл насаараа эрдмийн ажил хийж, сурч, зэрэг цолоо хамгаалсан судлаач, эрдэмтдийг яг үр шимээ нийгэмдээ үзүүлэх гэж байхад нь тэтгэвэрт гаргачихдаг. Энэ буруу. Харин туршлага хуримтлуулж ихээхэн боловсорсон тэдний тархийг ашиглах тал дээр төрөөс бодлогоор дэмжих зүйтэй болов уу. 

Германд л гэхэд улс төрийн эмэгтэйчүүдийн байгууллагад ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүд ажилладаг. Тэд залуу эмэгтэйчүүд, залуустаа ментор хийдэг

Нөгөө талаас нийгмийн төлөө үнэнчээр зүтгэж чадах, зөв суурьтай эмэгтэйчүүд төрд гарах ёстой гэж боддог. Гэтэл манайд эмэгтэй хүн төрд өгсөх шударга процесс нь байдаггүй, маш их хавчдаг. Жишээ нь, Ерөнхийлөгчид эмэгтэй хүн нэрээ дэвшүүлэхэд нийтээрээ шаагилдаж, шоолж, басамжлаад, гадаад нөхөртэй хэмээн доромжилж байсан. Би үүнд эсрэг байр суурьтай байсан. 

Би өөрөө ч тийм байдалд орж байсан учраас гадуурхагдаж байгаа эмэгтэйчүүдээ хамгаалахыг хүсдэг. Эмэгтэйчүүд нэгдэж нэгнээ дэмжих хэрэгтэй. 


-Германы улс төрд хүйсийн харилцааг 50:50 болгох бодлого баримталж байгаа талаар ярьсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Ер нь энд аль ч шатанд тийм бодлого баримталж байгаа шүү. Манай нам гэхэд сүүлийн хоёр удаагийн сонгуульд квотоо 50:50 болгох чиглэлтэй ажилласан. Мөн цагдаа, хууль сахиулах, цэргийн албан байгууллага, бундестаг хүртэл эмэгтэйчүүдийг илүүтэй дэмжих болсон. Гэхдээ дан эмэгтэйчүүд гэхгүйгээр хүн гэдэг утгаар нь эрчүүдээ ч ялгаагүй дэмжих ёстой гэж боддог. Жендерийн тэгш эрх бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш л дээ. 


-Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд бидэнд ямар алдаа бас шийдэл байна?

-Бид хэн нэгэн эрэгтэй эмэгтэй хүнд нь биш асуудал, шийдэл, гарцад анхаарал хандуулах ёстой. Жишээ нь, зам засаж байхад хэн засаж байгаад нь бус хэр чанартай, хэрхэн гүйцэтгэсэнд нь л ач холбогдлоо өгөх нь зөв. 

Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүд бие биенээ дэмжихгүй бол хэзээ ч ямар ч салбарт дээш гарахгүй шүү. Өнөөдөр та хэл аманд өртөөгүй байж болно оо. 

Гэвч нийгмээ засахгүй бол маргааш танд ч тохиолдох зүйл. Бидний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг болохоос биш эрх чөлөөтэй гэж бусдыг доромжилж, гутааж, хашгирахыг хэлдэггүй. 

-Ярилцсанд баярлалаа. 


Сэтгүүлч Г.Одгарав