Нэгдсэн үндэсний байгууллагаас Мьянмагийн баруун муж Ракхайд амьдардаг Рохинья исламын шашинтнууд дүрвэсээр байгааг хэлэв. Тус бүс нутгийн рохинья дайчид Засгийн газартай сөргөлдөж байгаа. НҮБ-аас гаргасан тайланд 412 мянга гаруй рохинья зэргэлдээх Бангладеш руу дүрвэсэн гэжээ. 

Тэдний дийлэнх нь хил заагласан голын салаар гаталж, амь насандаа аюул учруулж буй аж. Дөрвөн хүүхдээ эхнэрийн хамт авч дүрвэсэн нэгэн эцэг “Салын даац хэтэрсэн тул ихэд эмээсэн” хэмээн хэвлэлд ярилаа. Бангладеш улс дүрвэгсдийг майханд байлгаж байгаа ч ачаалал нь хэдийн хэтэрсэн. Тиймээс олон арван мянган хүн хээрээр гэр хийж байна. 

НҮБ болон төрийн бус байгууллагууд дүрвэгсдэд тусламж үзүүлэхээр ажиллаж буй. Гэвч дүрвэгсдийн тоо нэмэгдсээр ус, хүнсний хомсдолд оржээ. Эм, тариа, анхны тусламжийн нөөц ч хорогдож дууссан гэв.