Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсч, импортын эрчим хүчний дэмжлэгээр өвлийн оргил ачааллыг давж буй. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2023.06.06)-ийн хуралдаанаараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсч, 450 МВт-ын хүчин чадал бүхий Тавантолгойн цахилгаан станц, 400 МВт-ын хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах, мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх төслийг төлөвлөсөн. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас нүүрсний эх үүсвэрт олгох санхүүжилт хумигдсан" гэв. 

Түүний хэлснээр, суурь ачааллын горимд тохируулан том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэр хязгаарлалттай байна. Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах болон дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх төслийг Засгийн газраас боловсруулжээ. Тодруулбал, 

Цахилгаан эрчим хүчний 5 МВт-аас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэрийг цахилгаан, дулааны хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсвэл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгажээ.